Автозамын барилга угсралтын газарт орсон “Эрэл Группийн” 0,9 га газрыг албадан чөлөөлж байна.
Тодруулбал, Эрэл групп 2017 онд төмөр замын хамгаалалтын зурвас гэж энэхүү газрыг эзэмшиж эхэлжээ. Гэтэл 2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй, төмөр замаа ашиглаагүй байна. Газрын хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөр хураамжаа төлөөгүй гэдэг үндэслэлээр тус газрыг албадан чөлөөлж байгаа бөгөөд Эрэл группийн эзэмшиж буй энэхүү газар нь Хэрмэсийн уулзвар-Нарны зам-Мишээл Экспо чиглэлд байрладаг. Энэхүү газрыг чөлөөлснөөр Наадамчдын өргөн чөлөө, Гурвалжингийн зам, Үйлдвэрчний гудамжийн зам, Яармагийн түгжрэл буурна.
Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж УТҮГ-ын захирал Ч.Батзориг “Энэхүү газар нь автозамын босоо тэнхлэгийн мастер төлөвлөгөөнд орсон хэсэг юм. Энэ газрыг чөлөөлөөгүйгээс болж зам өргөтгөх ажил жил гаруй гацаад байна. Тиймээс газраа хуулийн дагуу ашиглаагүй, төмөр замаа ашиглаагүй, хураамжаа төлөөгүй гэдэг үндэслэлээр албадан чөлөөлж байна. Энэ замыг чөлөөлснөөр Яармагийн түгжрэл мэдэгдэхүйц буурна” гэлээ.