Монголын мэс заслын сувилагчдын анхдугаар зөвлөгөөн “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд мэс заслын сувилагчийн оролцоо” сэдвийн хүрээнд өчигдөр Төрийн ордонд боллоо. Мэс заслын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад сувилагчдын оролцоог хангах, тэдний мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх зорилготой уг зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам УНТЭ, ГССҮТ, Монгол-Японы эмнэлэг, “Сувилахуйн амьдрал” ТББ-тай хамтран зохион байгуулсан юм.
Мэс заслын 800 сувилагч оролцсон анхдугаар зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд нээж хэлсэн үгийнхээ эхэнд мэс заслын салбарын хөгжил, дэвшлийг авчирсан, зааж сургасан төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат эмч нартай мөр зэрэгцэн ажиллаж ирсэн үе үеийн мэс заслын сувилагч нарт талархал илэрхийлэв. Мэс заслын эмчилгээний түүхэн хөгжлийн явцад үе үеийн эмч нарын оролцоотойгоор мэс заслын сувилагчийг чадавхжуулах, дагалдан сургах, мэргэшүүлэх сургалтад хамруулан мэс заслын сувилагч нарыг бэлтгэж ирснийг дэд сайд хэлсэн үгэндээ онцлоод Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээг үзүүлэх Сувилахуйн төвийг 2022-2023 онд сувилагчдын санаачилгаар “Өмнөговь аймагт “Мөнхөд–Энх” сувилахуйн төв, Архангай аймагт “Эрүүл зан үйл”, Сүхбаатар аймагт “Од” сувилахуйн төв, Улаанбаатар хотод “Гэгээ” төв тус тус шинээр байгуулагдсан нь иргэдэд мэс заслын дараах сувилахуйн тусламж үйлчилгээг ойртуулсан томоохон арга хэмжээ болсныг тэмдэглээд “Эрүүл мэндийн салбарын хамгийн эрхэм зорилгын нэг бол үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг үзүүлэх явдал юм.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хүнээс буюу эмч мэргэжилтний мэдлэг, чадвар, харилцааны доголдлоос, тогтолцооны гажуудал буюу удирдлагын зөв менежмент дутагдсанаас, техникийн буюу тоног төхөөрөмжийн хүрэлцээ, чанар, хангалтаас шалтгаалж алдаа гарах нөхцөл бий болж байна. Иймээс Дэхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсээс 2021 онд Мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгож, бэхжүүлэх зорилгоор гаргасан “Аюулгүй мэс заслын үйл ажиллагааны хүрээ 2021-2030”-г улс орнууд хэрэгжүүлж байгаагийн нэгэн адил манай улс ч бас 2021 оноос эхлэн хэрэгжүүлж эхлээд байна” гэсэн юм.
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Мэс заслын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмж, үйлчилгээ, аюулгүй, цаг алдалгүй тусламж, хүний нөөц, шаардагдах дэмжлэгийг тодорхойлох” зорилгоор нийт эрүүл мэндийн 17 байгууллагыг хамруулан хийсэн үнэлгээний үр дүн, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/136 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө”, ДЭМБ-ын “Аюулгүй мэс заслын үйл ажиллагааны хүрээ 2021-2030”-г хэрэгжүүлэхийн тулд мэс заслын сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад оролцоог хангах, мэс заслын сувилагч нарын мэдлэг, чадвар, хандлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буй зэрэг олон сэдвээр мэс заслын сувилагч нар үндэсний чуулганаараа ярилцлаа.