“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 11 жил болж байгаа уг төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үйлдвэрийн бүс болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд Туул голын сав газрыг бохирдуулж байгаа тул нүүлгэн шилжүүлэх талаар иргэдийн гомдол, санал ихээр ирдэг. Мөн тухайн орчны хөрс, усны бохирдол стандарт түвшнээс хэт өндөр гарсан нь зайлшгүй анхаарал хандуулах асуудал болсон юм.
Иймд Харгиа цэвэрлэх байгууламж орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, одоо үйл ажиллагаа явуулж байгаа газрыг нөхөн сэргээхээр нийслэлийн зүгээс Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Ийнхүү нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2014-2020 онд Эмээлт эко паркийн судалгаа, ажлын зураг төсөв, түр цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт болох паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, үерийн байгууламж, инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, ундны усны хангамж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг бэлтгэл ажлыг хангасан юм.
НИТХ-ын 2022 оны V хуралдаанаар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ болгон чиг үүргийг нь өргөтгөн баталсан. Улмаар байгаль орчинд ээлтэй мал аж ахуй, газар тариалан, тээвэр, логистик, худалдааны төв, агуулахын аж ахуй, бизнес инкубатор, үйлдвэрийн сургалтын төв, хөнгөн үйлдвэр, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, үнэлгээ зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн юм.
Тус паркийг ашиглалтад оруулан төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж, одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийн, үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн жилд хонь, ямааны арьс дөрвөн сая, үхрийн шир 400 мянга, адууны шир 200 мянга, тэмээний шир 15 мянга, нийт 4.6 сая арьс, шир боловсруулах боломж бүрдэнэ. Мөн 3.6 мянган тонн завод ноос, 1.2 мянган тонн завод ноолуур боловсруулах боломжтой бөгөөд нэг их наяд хүртэлх төгрөгийг төсөвт бүрдүүлэх эдийн засгийн боломж бүрдэх юм.
Хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт ач холбогдолтой тус паркийн төслийг ийнхүү Засгийн газраас дэмжиж, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийг холбогдох яамд болон Хотын даргад даалгалаа.