Та бүтээмж гэдэг үгийг мэднэ. Энэ үг таныг хэдий хэмжээтэй орлоготой байхыг шийднэ. Энэ үг манай улсын хөгжлийг шийднэ. Тийм болохоор бүтээмжийн талаар өөрийн мэддэг бүхнээ хуваалцах гэсэн юм. Хэрэв та бүтээмж гэж угаас мэддэг бас улс орон түй ч хамаагүй гэж бодож байвал зөвхөн өөрийнхөө бүтээмжийг дээшлүүлэх тухай зөвлөмжийг уншаад дуусгаарай. Хэрэв бүхнийг мэдмээр байвал төвөгтэй ч гэсэн эхнээс дэс дараатай уншаарай.
ТА ӨӨРИЙН БҮТЭЭМЖЭЭ ХЭРХЭН ДЭЭШЛҮҮЛЭХ ВЭ?
Хүн бүр л илүү их цалин, орлоготой гэсэн атлаа илүү их цагийг өөртөө зарцуулахыг хүснэ. Энэ бүхнийг уялдуулах цорын ганц арга нь бүтээмжээ нэмэгдүүлэх мөн. Тэр ч бүү хэл таны бүтээмж сайжирснаар Монгол улс урагш нэг алхдаг. Тийм болохоор та бүтээмжээ хэрхэн дээшлүүлэх талаар бяцхан зөвлөмжийг хүргэж байна.
- Зорилго, тэмүүлэлтэй бай
Олон хүмүүс бүтээмжгүй байдал нь залхууралтай холбоотой гэж боддог. Гэтэл үнэндээ залхуурал нь үр дүн болохоос шалтгаан биш. Харин залхуурч буйн цаана тэрхүү зүйлийг хийхийг хүсэхгүй байгаатай л холбоотой аж. Чингис хааны хэлсэн:
“Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ”
гэдэгтэй л нэг ижил зүйл шүү дээ. Хийж буй зүйлсийнхээ мөн чанарыг ойлгохгүй, түүний төлөө зүрх нь цохилохгүй байвал, мөн хийж буй зүйлийнхээ цаадхыг харж чадахгүй байвал тэр зүйлийг хийхэд төвөгтэй санагдах болно. Улмаар залхуурал үүсэх болно. Харин эсрэгээрээ хийж буй зүйл чинь утга учиртай санагдаж байвал түүнийг хамгийн сайнаар хийх хүсэл дотроос тань ундрах болно.
- Өөрийгөө хэрэггүй шийдвэрүүдээс чөлөөл
АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама хэлсэн байдаг:
“Би зөвхөн хар саарал эсвэл цэнхэр костюм л өмсдөг. Энэ нь надад ямар хувцас өмсөх үү гэх мэт хэрэггүй шийдвэр гаргалтаас хамгаалдаг. Улмаар бусад асуудалд анхаарал хандуулах боломжийг олгодог”
гэсэн байдаг. Яг үүн шиг бид маш олон хэрэггүй зүйлсэд шийдвэр гаргах гэж цаг хугацаа, энерги алддаг. Мөн тиймэрхүү асуудлын тухай ярьж ч цаг алддаг. Тэгэх огт хэрэггүй. Шаардлагагүй зүйлсийг зүгээр л амьдралаасаа хас. Яг л ямар өнгийн хувцас өмсөх үү гэдэг шиг.
- Олон зүйлийг зэрэг амжуулах гэж хичээхээ боль
Анагаах ухааны доктор Матюв МакКинон-н хэлж буйгаар:
“Тархи нь зөвхөн нэг цаг мөчид нэг л зүйлд төвлөрөх боломжтой байдаг. Хүмүүс гэтэл өөрсдийнхөө анхаарал хандуулах чадамжийг хэт өндрөөр үнэлж, олон зүйл нэг дор хийх хандлагатай. Гэтэл анхаарал гэдэг яг л харанхуйд буй нэг гар чийдэн шиг, тэрхүү харанхуйд нэг л зүйл дээр тусах боломжтой”
Гэтэл бид ямар их зүйлийг нэг дор хийх гэж оролддог билээ дээ. Өөрсдийгөө робот мэт л төсөөлдөг. Энэ нь богино хугацаандаа хэрэгтэй юм шиг атлаа угтаа бүтээмжийг их хэмжээгээр бууруулж, алдааг нэмэгдүүлдэг аж. Тэгэхээр нэг дор нэг л зүйлийг чанартай хийхийг зориорой.
- Өглөө хамгийн чухал ажлаа хийгээрэй.
АНУ-н алдарт зохиолч Марк Твен хэлэхдээ:
“Хэрэв та өглөө мэлхий идчих юм бол таны бүхий л өдөр илүү сайн байх болно. Учир нь та байж боломгүй муу зүйлээ хамгийн эхэнд хийчихсэн болохоор танд үүнээс муу зүйл болохгүй шүү дээ”
Эндээс юу хэлэх гээд байна гэхээр өдрийн эхлэлд хамгийн хүнд ажлаа барьж аваад хийгээрэй. Дийлэнх хүмүүсийн хувьд ядраагүй, эрч хүчтэй байдаг. Хэрэв цайнаас өмнө л тэрхүү ажлынхаа ард гараад авбал яг эд нозоорлын үед та аажуу тайван бас сэтгэл амар байх болно. Хэрэв мэлхийгээ орой хийхээр төлөвлөсөн бол нэгт таны энерги тэр үед дууссан байх болно, хоёрт та өдөржин тухгүй явах болно. Дахин нэг жишээ хэлье. Нью Йорк таймсын 2011 оны нэгэн нийтлэлд Израилийн шоронд хийгдсэн судалгааны тухай гарсан байдаг. Энэ нь шоронгоос суллагдах хүсэлтийн тухай юм л даа. Нийт 1100 гаруй тохиолдол судалж үзэхэд үдээс өмнө ирсэн хүсэлтийн 70 хувь нь эергээр шийдэгдэж байсан буюу тухайн хоригдогч суллагдаж байж, харин үдээс хойш ирсэн хүсэлтийн ердөө 10 хувь нь эергээр шийдэгдэж байжээ. Үүний учир шалтгааныг хайж үзтэл тэрхүү шийдвэрийг гаргаж байсан харгалзагчийн ядарсан байдал нөлөөлдөг байсан аж. Өөрөөр хэлбэл тэр хүн ядрах үедээ асуудалд нухацтай хандахаа больж, татгалзах шийдвэр гаргах нь илүү хялбар болсон байгаа юм.
- Төлөвлөгөө гарган ажилла, гэхдээ хэт ажилд төвлөрсөн биш шүү.
Бенжамин Франклиныг мэдэхгүй хүн цөөн байх. Одоогоос 300 жилийн өмнө тэр хүн өөртөө цагийн хуваарь гаргаж ажилласан байдаг. Мэдээж тэр хүн ч бидний нэгэн адил цагаа маш ихээр хэрэггүй өнгөрүүлж байсан учир энэхүү төлөвлөлтөө гаргасан гэдэг. Та зургийг харвал түүний төлөвлөлт нь маш энгийн байгааг ойлгох болно. Өглөөний 05:00 –07:00 цагт Бос, усанд ор, өдрийн төлөвлөгөөг гарга, уншиж, судалж буй зүйлээ үргэлжлүүлэн унш, судал, өглөөний цайгаа уу. Тэгээд өөрөөсөө “Өнөөдөр сайн зүйл юу хийх вэ?” гэж асуу.
Үдээс өмнө 8:00 – 12:00 цагт
Маш энгийн ажилла!
Үдийн цай 12:00 – 14:00 цагт
Юм унш, өдрийн хоолоо ид
Үдээс хойш 14:00 – 17:00 цагт
Дахиад ажилла!
Үдээс хойш 18:00 – 22:00 цагт
Цэвэрлэгээ хий, оройн хоолоо ид, хүмүүстэй уулзаж ярилц, хөгжим сонс, өөрийгөө өөр бусад зүйлээр сатааруул
Орой 10 – Өглөөний 5 цаг
Унт
Ерөөсөө л ийм энгийн. Гэхдээ бас хэт робот шиг биш. Заримдаа бид төлөвлөгөө гаргах үедээ хүнтэй уулзаж ярьж сууна, хөгжим сонсоно, өөр зүйлст сатаарна зэргийг орхигдуулдаг. Гэвч бид чинь эцэстээ амьд хүмүүс шүү дээ. Бидэнд харилцаа чухал хэрэгтэй. Бас бид тогтмол уншиж бас суралцаж байх хэрэгтэй. Тэгээд хоолонд цаг гаргах ёстой. Мөн тогтмол цагт унтаж бас босох хэрэгтэй.
Эдгээр 5-н зөвлөмжийг дагавал та 1 талх хийдэг биш 2 талх хийдэг, бусдаас хоёр дахин хүчтэй бас орлоготой нэгэн болон хувирах юм.
Өмнө нь хэлж байсанчлан өөр бусад зүйлс танд хамаагүй бол үүгээр нийтлэлээ дуусгаарай. Үүнээс цаашаа компанийн болон улсын асуудал гарах болно.
ТА ӨӨРИЙН БҮТЭЭМЖЭЭ 1,000 САЙЖРУУЛААД САЙХАН АМЬДРАХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?
Lascaux Caves by Christian Jegou
Хомо сапиенс буюу ухаант хүн нь 200 мянган жилийн өмнө үүссэн бөгөөд өдийг хүртэл мөхөөгүй явсан шалтгаануудын нэг нь бидний сүрэглэн амьдрах чадвар. Хамгийн гайхалтай нь үүнийг төрөл бүрээр хийж үзсэн байгаа юм. Улс, үндэстэн, холбоо, шашин шүтлэг гээд л боломжит бүхнээр эвлэлдэн нэгдэж амьдарсан. Түүний нэг нь компани болон ажиллах байсан юм. Компани гэдэг нь companio гэх латин үгнээс гаралтай бөгөөд тэр нь талхны найзууд гэх утгатай аж. Энгийнээр нэг зорилгын төлөө л нэгдсэн хэсэг бүлэг найзууд гэдэг санаа юм шүү дээ.
Тэгэхээр ийм юм. Эвт шаазгай буга барина гэдэг шиг л ямар ч мундаг хүчтэй, мундаг чадалтай хүн байсан нэгдсэн хүмүүс л хамгийн хүчтэй бас аюултай байдаг. Нутгийн хамгийн мундаг талх барьдаг хүн нь бусдыг 1-г хийж байхад ганцаараа 2-г хийдэг байж болно. Тэр бол яахын аргагүй гайхамшигтай нэгэн мөн. Гэтэл түүний дэргэд 3-н залуу нэгдээд жижигхэн талхны машин бүтээж нэг нь түүхий эдийг нь бэлддэг, нэг нь орцыг нь тааруулдаг, нэг нь тэрхүү машинаа л засаж суудаг болсон байна. Ингээд тэд нэг дор 10-н талх гаргаж эхэлсэн байх бөгөөд мундаг залуу мундаг биш болно. Тэд нараас бусад нь талх хийх огт хэрэггүй болно. Үүнийг л бүтээмж бас компанийн үйл ажиллагаа гээд байгаа юм шүү дээ. Улмаар тус нутаг хамгийн баян нь болох болно.
Тэгвэл бид яагаад тэгж чаддаггүй юм? Яагаад бид зорилго тавиад л, нийлээд л будаа болгож болохгүй гэж? Бидний талхны машин хаана байна вэ?
Миний зүгээс дараах асуудлууд байдаг гэж хардаг. Тэгэхээр 1) Бид 2 талх хийдэг мундаг байх хүсэл байгаа болохоос түүхий эдийг нь бэлддэг ажилтан байх хүсэл алга 2) Талхны машин хийх мэдлэг алга 3) 10-н талх хийх зорилго алга 4) Өөрөө л биш бол хэн нэгэн талх хийгээд эхлэх үед нураах бодолтой болж
Саяхан Монголын топ – 100 компанийн нэрийг зарлав. Эдгээр компаниудын нийт орлогын хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 96 хувь байгаа буюу шууд утгаараа Монголын эдийн засгийг нуруун дээрээ авч яваа хүмүүс. Гэтэл харамсалтай энэ 100-н компани нөгөө жилийн турш иргэдээр хараалгасан компаниуд байгаа юм. Хамаг л муу нэрийг нь зүүж байдаг, хамаг л улсыг нь тэжээж явдаг бас л сонин дүр зураг. Угтаа Монгол улсын хамгийн бүтээмж өндөртэй хэсэг бүлэг хүмүүс аж. Гэхдээ тэд цагаан дагина биш л дээ. Алдаа дутагдал их бий. Хөгжиж буй оронд тийм л байдаг. Харин бидэнд муу харагдаад байвал, засах зүйлс байгаа бол өөрсдөө голд нь явж ороод өөрчлөлт хийе л дээ. Тэрхүү 80 орчим мянган ажилчдын нэг болоод улсаа хөгжүүлье л дээ. Сөнөөх биш явж, очоод засварлалт хийе. Үүнийг л нийтийн бүтээмж дээшлэх гээд байгаа юм шүү дээ.
”Та ганцаараа ямар ч мундаг болж болно, гэхдээ бусадтай хамтрахгүй бол нийтийн бүтээмжийн төлөө нэгдэхгүй бол эцэстээ юу ч өөрчлөгдөхгүй”
ТЭДЭНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Миний хамгийн эхний хүсэл бол Монголын компаниудыг төр нь очиж булааж төрийн өмч болгодог биш, компаниуд нь хөрөнгө зах зээлд гарч, нээлттэй болох учиртай. Тэгвэл компаниуд маань улам бүр ил тод болж, засаглал нь сайжрах болно. Мөн хүртээмжтэй эдийн засгийн өсөлт гэх зүйл маань бий болно.
Бүх компаниуд инновацын төлөө алхах хэрэгтэй. Тэр дундаа технологийн шийдлүүдийг хэрэгжүүлэх ёстой. 1987 оны Нобелийн шагналт эдийн засагч Роберт Солов-н өсөлтийн загварт үзүүлснээр технологийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийг бий болгодог байна. Үүнийг бодит жишээн дээрээс ч хөнгөн харж болно. Нэг программ нэвтрүүлэхэд л ямар их цаг хэмнэдэг болохыг. Үүнээс болоод хүн ажилгүй болно гэж айх хэрэггүй. Машин бидний ажлыг авах ёстой ба бид өөр илүү оюунлаг ажлуудыг хийх болно.
Тэгээд эцэст нь хүчтэй байгууллагын соёл ба засаглал. Өмнөх жишээн дээрээ дурдахад 3-н залуу маань талхны машинаа тойрч суучхаад хэрэлдээд байвал 10-н талх байтугай нэг ч гарах үгүй. Эдгээр бүх өөрчлөлтийг нэг өдөр эсвэл өөрөө байж байгаад тийм болохгүй. Тийм болохоор яагаад та тэр 80 орчим мянган хүний нэг болоод өөрчлөлтийг хийж болохгүй гэж. Харин өөрийнхөө бүтээмжийг дээшлүүлмээр байвал хамгийн дээр буй хэсгийг уншаарай. ”Эдгээрийн төлөө удирдлагууд маань нэгэн зэрэг хөдөлж эхэлбэл нийтийн бүтээмж сайжирна гэдэгт эргэлзэхгүй байна”
ЭНЭХҮҮ НИЙТИЙН БҮТЭЭМЖ НЬ ХЭРХЭН ТҮҮХИЙГ ӨӨРЧИЛЖ, ӨНӨӨГИЙН НИЙГМИЙГ БИЙ БОЛГОВ?
“Young Steel Workers, Ivan Bevzenko (Ukraine), Oil on Canvas.
Бүтээмжийн тухай ойлголт нь анх голлон хөдөө аж ахуйн салбарт байсан юм билээ. Яагаад гэхээр хүний суурь хэрэгцээнүүдийн нэг бол яахын аргагүй хоол хүнс мөн. Хоол, хүнсийг нэг бол ан, гөрөө хийх замаар нэг бол тариалан эрхлэх замаар л бий болгодог. Мэдээж ан, гөрөө гэдэг бол тариаланг бодвол нөөц нь хязгаарлагдмал бас эрсдэл нь өндөр. Тийм болохоор 17-р зуунаас өмнө дэлхийн хүн амын 70 – 80 хувь нь тариалан эрхлэн амьдардаг байжээ. Бараг л 4000 мянган жилийн турш хэрхэн арай бага хүч хөдөлмөр зарж, арай илүү их ургац хураах вэ гэдэг тухай бодож, бүтээмжийг сайжруулахаар оролдож байсан юм. Үүнд ямар ч олигтой үр дүн гараагүй. Грегори Кларкын бичсэн “Дэлхийн эдийн засгийн товч түүх” номд үзүүлсэн зургийн дагуу нэг хүнд ногдох орлого 17 зуун хүртэл огт өсөөгүй байгаа юм. Үүнийгээ тэд Мальтусын хавх хэмээн нэрлэсэн байдаг.
Гэтэл 17-р зуунаас эхлэн аж үйлдвэрийн хувьсгал эхэлж, бүх зүйл өөрчлөгдөв. 1861 он гэхэд хөдөө, аж ахуйн салбарт ажиллагсад 21 хувь хүртэл буусан байгаа юм. Яагаад гэхээр бүхий л салбарт бүтээмжийн өсөлт бий болсноор хүмүүс өөрсдийн цагийг зөвхөн тариалан эрхлэхэд биш өөр бусад хэрэгцээнд зарцуулж эхэлсэн байдаг. Энэ бол маш энгийн ойлголт. Хэрэв та хоолоо амархан олж идэж чадаж байвал өөр бусад зүйлсийг хийнэ шүү дээ. Түүнчлэн эргээд өөр бусад салбар хөгжих нь нөгөө анхдагч хэрэгцээ болох хүнсний үйлдвэрлэлийн бүтээмжийг ч улам бүр нэмэгдүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл бүх салбарын бүтээмж сайжирч, тэр нь синержи үүсгэн бүр ч их эерэг өөрчлөлтийг бий болгосон. Ядаж л төмөр замаар хэд дахин хурдан тээвэрлэлт хийх боломжтой болсон байдаг. Ингээд л хаана шинэ ололт амжилт, инновац байна тэнд үсрэнгүй хөгжил ирж байлаа.
БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИН ХҮСЭЛ ТӨРСӨН НЬ
Яагаад тэр аж үйлдвэрийн хувьсгал бий болов? Яагаад гэнэт л бүх нийтээрээ масс үйлдвэрлэлд шилжиж, бүх нийтээрээ бүтээмжийг шүтэх болов?
Тэгэхээр ийм юм. Эдгээр асуултад 100 хувь зөв хариулах зүйл гэж байдаггүй ба түүхчид олон талаас нь тайлбарладаг байна. Үүнээс хамгийн боломжит тайлбаруудаас хүргэхэд:
1. Инновацыг дэмжих болсон, оюуны өмчийг хүлээн зөвшөөрсөн
2. Дундад зуунаас эхлээд тасралтгүй тээвэр, худалдаа сайжирч, улс орон олон төрлийн бүтээгдэхүүнтэй болсон
3. Империализм задарч, капитализмд шилжсэн. Компаниуд ихээр бий болж, хүмүүс өөрсдийнхөө төлөө тасралтгүй бодож эхэлсэн
Ингээд нэгтгээд харахад хүн бүр өөрийн илүү сайхан амьдралын төлөө зүтгэх боломжтой болж, тэрэнд нь тохирсон орчин нөхцөл л бүрдсэн хэрэг. Энэ үед л хүмүүс өөрийнхөө бүтээмжийг сайжруулж ажилласан, бусадтай хамтарч нийтийн бүтээмжээ бас сайжруулан ажилласан байгаа юм. Эцэст нь дэлхийн эдийн засаг үсрэнгүй хөгжсөн.
ЭЦЭСТЭЭ БҮТЭЭМЖ НЬ БАЯН ХООСНЫ ХЭМЖҮҮР БОЛОН ХУВИРСАН
Сайныг дагаад саар гэгчээр хэн тэрхүү бүтээмжийн нууцыг мэдэж байна тэр хүн бүх хөрөнгийг гартаа атгаж эхэлсэн аж. Ийнхүү ямар угсаа гарал гэхээс илүүтэйгээр бүтээмж гэдэг зүйлээр дэлхийн баян хоосны ялгаа гарч эхэлсэн юм. Зарим улс нь хэмжээлшгүй баян болж байхад зарим улс нь үгээгүй ядуу болсон. Өнөөдрийн улс орнуудыг баян, ядуугаар нь жагсаавал эхний 50 хувь нь удаах 50 хувиасаа 40 дахин их баялаг эзэмшиж буй юм. Тэрхүү баялагтай, баян гэх улс болон ядуу улсын бүтээмжийг харьцуулбал бүх зүйл ойлгомжтой болно.
Бид дундаж АНУ иргэнээс 12 дахин бага бүтээмжтэй байх нь. Энгийнээр манай нэг ажилтан нэг талх үйлдвэрлэхэд тэнд нэг ажилтан 12 талх үйлдвэрлэдэг байгаа юм. Манай хамгийн сайн салбар л гэхэд 5 талх талх үйлдвэрлэдэг болох нь дараах зураглалаас тодхон харагдана.
Ийм байхад тэд биднээс хэд дахин сайхан амьдрах нь дамжиггүй шүү дээ.
ЭЦЭСТ НЬ
Хувь хүн бүр өөрийнхөө аз жаргалын төлөө хувийн бүтээмжээ сайжруулах хэрэгтэй. Ингэж чадвал цалин, орлого өсөж илүү сайхан амьдрах боломж бүрдэнэ. Гэхдээ энэ бол үнэндээ сайхан амьдралын дөнгөж эхний шат. Нэгэнт хүн сүрэглэн амьдардаг болохоор хувь хүний бүтээмжээс илүүтэйгээр нийтийн бүтээмж гэдэг чухал. Та ганцаараа яаж ч хичээгээд дайн болж буй газар амгалан амьдрах боломжгүй. Тийм болохоор бусадтай хамтраад, сенержи үүсгээд нийтийн бүтээмжийг сайжруулах хэрэгтэй.
Үгүй ядаж тэгээд явж буй бусдыгаа чадлаараа дэмжээд өгөх хэрэгтэй. Үүний дараа улсын хэмжээний бүтээмж яригдах ба түүгээр л өнөөдрийн улсууд баян бас ядуу нь тодорхойлогдож байна. Үүнд инновац, томоохон улс орныг хамарсан өөрчлөлтийн талаар заавал дурдах ёстой. Яг өнөөдөр бид нар АНУ-аас 12 дахин бүтээмж муутай байгаагаа хүлээн зөвшөөрөөд, өөрчлөлт хийх л үлдлээ.
Хувь хүн бүр хүчтэй, бусадтай хамтрах үедээ бүр хүчтэй байвал энэ улс хөгжихгүй гээд хаачдаг юм.
Эдийн засагч, шинжээч Г. Ганзориг