Малайз улсад зочлох ээлжит учраа тохиов.
Очсон өдөр парламентын сонгууль нь болж таарав. Сонгуулийн өдөр болон маргааш нь бүх нийтээр амардаг ажээ. Энэ нь 1969 оны ерөнхий сонгуулиар хятадуудын нам (DAP) ялсны маргааш олон нийтийн үймээн гарч, 600-аад хүн, ихэнх нь хятад, алагдсантай холбоотой байж магад.
Эдүгээ Малайзын хүн амын 62 хувь нь малай, 20.6 нь хятад, 6.2 нь энэтхэг, 1 нь бусад, 10 хувь нь иргэншилгүй гэж 2019 оны статистик нь мэдээлжээ. Хүн ам нь 33.3 сая, ДНБ нь 373 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох нь 10,800 ам.доллар, эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 34-т жагсдаг, Азидаа хамгийн сайн төрөлжсөн эдийн засагтай, орчин үеийн дэд бүтэц байгуулчихсан энэ орны тухай маш олон зүйл бичмээр байвч, Монголтой холбогдсон, цаг үеэ олсон авлига, сонгууль, ашиглаад дууссан уурхайн нөхөн сэргэлт гэсэн гурван сэдэв дээр төвлөрөхөөр шийдэв.
Авлига
Малайзын даван заалдах шүүх нь 2022 оны наймдугаар сарын 23-нд есөн жил Ерөнхий сайд байсан Нажиб Разакын авлигын хэргээр 12 жил шоронд хорих шийдвэрийг хэвээр үлдээв.
Энэ нөхөр улсынхаа хөгжлийн сангаас (1MDB) дөрвөн жилийн хугацаанд 4.5 тэрбум доллар зувчуулсан ажээ. Олон орны арилжааны банкнуудаар дамжуулан мөнгө угаасан, Холливудаар кино хийлгэсэн, өндөр үнэтэй зочид буудал, хөлөг онгоц, үнэт зүйл худалдаж авсныг нь шүүх нь тогтоожээ. Эхнэр Розмах Мансур нь төрийн тендерт нөлөөлж хахууль авсан хэргээр 10 жилийн хорих ял авч, 250 сая ам.долларын торгууль төлөх болов.
Тэдний гэрийг нь нэгжихэд 1.6 сая долларын үнэ бүхий алт болон алмаазан бөгж, зүүлт, 272 ширхэг Hermes-ийн цүнх олдсон байна. Шүүх засаглал нь сөрөг хүчний шахалтаар шударга дүгнэлт гаргадаг юм байна.
Н.Разакийн гэр бүл Монгол Улсын иргэний үхэлтэй холбоотой. Тэрбээр Батлан хамгаалах яамны сайд байхдаа шумбагч хөлөг онгоц Францаас худалдан авахад, түүний зөвлөх А.Р.Багинда Ш.Алтантуяаг орчуулагчаар авч явдаг байжээ. Энэ эмэгтэйг 2006 онд Куала Лумпураас холгүй ойд дэлбэлж хөнөөснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр авлигын гэрч болсноос үүдэлтэй гэж тайлбарладаг.
Хүнийг ингэж зэрлэгээр хөнөөх даалгаврыг хэн өгснийг Малайзын шүүх эцэслэн тогтоохгүй 15 жилийн нүүр үзэж буйг SCMP сонинд бичжээ. Харин улс төрийн зорилгоор л энэ гэмт хэргийг үе үе гаргаж ярьдаг болжээ.
Төр засгийн өндөр албан тушаалаа ашиглан, гэмт хэрэг үйлдсэн, нийтийн хөрөнгийг хувьдаа завшсан хэн боловч хариуцлага хүлээх ёстой. Харин Монголд яригдаад буй Хөгжлийн Банк, нүүрсний хулгай, Суруга компанитай холбоотой хэргүүдийг үйлдэгчид, төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээх болов уу. Шүүх засаглал шударга ажиллахад Монголын иргэд эргэлздэг болсон. Сонгууль хүртэл сунгаж байгаад, засгаа солигдохоор мартагдаж, бахь байдгаараа хулгайч нар нь жаргаад, хөдөлмөрлөсөн нь ядуураад л байх болов уу?
Сонгууль
2022 оны аравдугаар сарын 10-нд Малайзын Ерөнхий сайд Исмайл Яакоб Парламентаа тарааж улмаар 2022 оны арваннэгдүгээр сарын 18-нд ерөнхий сонгууль явуулав.
Парламент нь 222 суудалтай Төлөөллийн болон 70 суудалтай Сенатын танхимтай (Westminster систем). Сонгогчдын 73 хувь нь саналаа өгч 222 суудлаас PK нам 82, PN нам 73, эрх баригч BN ба UMNO намуудын эвсэл дөнгөж 30 суудал авлаа. Хэн нь Ерөнхий сайд болж засгийн газраа байгуулахаа тохиролцож чадахгүй байсныг хаан нь хагалж, PK намын Анвар Ибрагимийг Ерөнхий сайдаар томилов. 24 жил энэ албан тушаалд очихыг зүтгэсэн Анвар цалингаасаа өндөр зардалтай Мерседес S600 машинаас татгалзав. Сайд нарын тоог цөөлж, цалинг нь бууруулахаа амлав.
Анвар бол сүүлийн дөрвөн жилийн дэх Ерөнхий Сайд бөгөөд цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтөөс улс орноо гаргах амаргүй зорилттой тулгарч, улс төрийн дэмжлэг сул буюу хэзээ ч огцруулж чадах сөрөг хүчинтэй ажиллах юм.
Нөхөн сэргээлт
Куала Лумпур хотоос баруун урагшаа, Селангор дүүрэгт орших Sunway City хотхоны Sunway Pyramid зочид буудалд буулаа. Энэ бол аялал жуулчлал, амралт, эрүүл мэнд, боловсролын олон улсын томоохон дүүрэг юм байна.
Зочид буудал гудамжны түвшнээс доошоо 10 давхар, дээшээ хориод давхар, ар талд нь ил уурхайн тогооны ёроол байсан газарт маш том усан парк, түүний дотор хиймэл түрлэгээр surfing хийдэг сан, мушгиран гулсах хоолойнууд гэх мэт бүх насны хүн амрах, цэнгэх гайхамшигтай байгууламжууд байна. Энэ хотхоны их сургууль, коллеж нь олон улсын тавцанд нэр хүндтэй, төгсөгчид нь хамгийн түргэн ажил олдог гэнэ.
Sunway city бол зуун жил ашиглаад дууссан цагаан тугалганы уурхайг нөхөн сэргээх төр засгийн тууштай бодлого, төр хувийн хэвшлийн өгөөжтэй түншлэлийн үр дүн ажээ. Ашигласан орд газрыг зөвхөн нөхөн сэргээхээс гадна бүтээмжтэй, орлого олдог болгоход Малайзын төр ихээхэн анхаарч, татвараас тодорхой хугацаанд чөлөөлж, дэмжиж ирсэн юм байна. Яг ийм түүхтэй, хаягдсан уурхайг аялал жуулчлалын газар болгон өөрчилсөн олон жишээ байдаг ажээ. Нүүсний уурхай байсан Куантаны наран шарлагын газар, The Mines, The Clearwater Sanctuary Golf resort, Titiwangsa нуур гэх мэт. Төр төсөлд ийм хэлбэрээр л орох нь оновчтой.
Манай орны хувьд эдүгээ уул уурхай эрчимтэй хөгжиж, одоохондоо ашигласан орд газраа нөхөн сэргээх, байгалийн унаган төрхөд нь буцааж оруулах түвшинд бодож, ажиллаж байгаа. Гэхдээ алс хойчдоо тухайн газраа хиймэл нуур, амралт сувилал, аялал жуулчлалын, соёл боловсролын газар болгох тухай эртнээс төлөвлөж, хувийн хэвшилдээ тийм эрх чөлөө, боломж олгох талаас нь бодмоор санагдлаа.
Малайз улсаас, ер нь аль ч улс орноос Монголчууд бид суралцах, авах, гээх олон зүйл байх юм.
Мөн 2016 онд энэ улсын тухай бичсэн “Тэнгэрийн гүүр” нийтлэлийг эндээс уншаарай
Куала Лумпур хот. 2022 оны 11 дүгээр сар
Эдийн засагч Д. Жаргалсайхан