Хувиараа хөдөлмөр эрхлэгч, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс 20.0 тэрбум төгрөгийн жижиг зээлийг 2023 оноос олгож эхэлсэн. Дөрөвдүгээр сарын байдлаар 70 аж ахуйн нэгж, 710 иргэн хамрагдаж, нийт 14.3 тэрбум төгрөгийн зээлийг аваад байна.
Хүн амын төвлөрлийг бууруулах, орон нутагт ажлын байр бий болгох, хадгалахыг дэмжих бодлогын хүрээнд аймгуудад жилийн 4.4 хувийн хүүтэй, Улаанбаатар хотод жилийн 8.5-8.8 хувийн хүүтэй олгож буйгаараа онцлог юм.
Өмнөх жилүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдийг дэмжих жижиг зээлийг олгож байсан. Энэ хүрээнд 2022 оны жилийн эцсийн өссөн дүнгээр нийт 1436 иргэнд 12.8 тэрбум төгрөгийн зээлийг олгож нийт 2833 ажлын байрыг бий болгох, хадгалахад дэмжлэг үзүүлжээ.
Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25.0 сая хүртэл төгрөг, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид 50.0 сая хүртэл төгрөгийн зээл олгодог юм.
Эх сурвалж: ХНХЯ