УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар 1072 хувьцааг амь оруулах асуудлыг хөндсөн юм. Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын жишгээр мэргэжлийн, зөв менежмент хийж, ард түмэнд хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв.
Тухайлбал “ Иргэдийн авсан 1072 хувьцаа өнөөдрин байдлаар үхмэл байна. Эхний ээлжинд өөр ангиллын хувьцаа болгоод, татварын дараах ашгийн тодорхой хувийг ногдол ашиг болгож олгодог болгох боломжтой. Үүнийг олон улсын хөрөнгийн зах зээлийн хэллэгээр “A-Share”, “B-Share” гэж нэрлэдэг. Энэ аргыг хэрэгжүүлэх боломжтой” гэв.
Мөн “2022 онд Монгол Улс 32 сая тонн нүүрс экспортод гаргасан. Тавантолгой ойролцоогоор 6 тэрбум тонн нөөцтэй гэж ярьдаг. Тэгэхээр 50 хувийг нь олборлоход бидэнд 100 жил хэрэгтэй гэсэн үг. Тэрнээс наана ойрын ирээдүйд нүүрс хэрэгцээнээс гарна гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр ирээдүйн нөөцийг одоо орлого болгож авчрах хамгийн зөв арга бол олон улсын бирж дээр IPO хийх. Намайг 2011 онд “JP Morgan”-д ажиллаж байхад бид Тавантолгойг 6-9 тэрбум доллараар үнэлж байсан. Үүний 25 хувийг бирж дээр зарахаар тооцвол 1.5-2 тэрбум ам.доллар босгох боломжтой байна. Энэ мөнгөөр Тавантолгойн цахилгаан станц, Нүүрс угаах үйлдвэр гэх мэт томоохон төслүүдээ санхүүжүүлж болно. Одоо танай компанийн үнэлгээ тэр үеийнхээс хэд дахин өссөн байх. Тооцоо судалгаа хийсэн зүйл байна уу” гэлээ.