Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Н.Бямбадорж дараах асуултад хариу өглөө.
Асуулт: Өнөөдрийн байдлаар шинэчилсэн бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгвөл?
Хариулт: Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулж байна.
Орон нутгийн хэмжээнд нийт 130.236 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой. 2023.04.19-ний өдрийн байдлаар 11.146 тээврийн хэрэгсэл буюу 8.6 хувь хамрагдаад байна.
Асуулт: Хэчнээн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан байна вэ?
Хариулт: Үүнээс өмчлөгчийн мэдээллийг шинэчилсэн 4948, техникийн үзлэгт хамрагдсан 2579, хасуулах хүсэлт өгсөн 2335, журмын хүрээнд хассан 1351, хасуулах хүсэлт өгсөн 2335, худалдах худалдан авах гэрээ, итгэмжлэлээр тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн боловч худалдан авсан иргэн өөрийн нэр дээр бүртгэл хийлгээгүй 696 тээврийн хэрэгсэл байгаа юм.
2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.264.000 тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй байсан. Үүнээс нийслэлд 72.001, орон нутагт 90.007 нийт 162.008 тээврийн хэрэгсэл нь татвар, даатгал төлдөггүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тул улсын бүртгэлээс хасна гэсэн судалгаа гаргасан.
Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд 150.647 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассан. Мөн өмчлөгчийн хүсэлтээр 4972 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хасаад байна.
Ингээд өнөөдрийн байдлаар 1.138.337 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Асуулт: Иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар ямар ач холбогдолтой юм бэ?
Хариулт: Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь өөрийн нэр дээр байсан тээврийн хэрэгслээ худалдах худалдан авах гэрээ , итгэмжлэлээр бусдад шилжүүлсэн боловч худалдаж авсан иргэн нь өөрийн нэр дээр шилжүүлээгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн торгууль, татвар бүртгэлийн санд бүртгэлтэй өмчлөгчийн нэр дээр гарч өр үүсээд явдаг олон тохиолдол байна.
Иймд иргэд заавал бүртгэлийн байгууллагад хандаж өмчлөгчийн мэдээллээ шинэчлэх шаардлагатай. Мөн цаашид ашиглах боломжгүй, замын хөдөлгөөнд огт оролцдоггүй, сэлбэг болон задаргаанд орсон, шатсан, төмрийн хаягдалд өгсөн гэх мэт олон учир шалтгааны улмаас ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл бүртгэлийн санд бүртгэлтэй байдаг.
Бүртгэлийн сангаас хасуулахгүй бол иргэдэд татварын ногдол жир бүр үүсээд явна. Иймд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогод иргэдийг идэвхтэй оролцохыг хүсэж цаашид ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгслээ хасуулахыг уриалж байна.
Эх сурвалж: Зам Тээврийн Хөгжлийн яам