Аюулгүй байдал судлалын хүрээлэн өмнөх дугааруудад 2023 онд дэлхийн эдийн засаг хямрах тухай таамаглалыг танилцуулсан. Энэ удаагийн дугаараар дэлхийн эдийн засагт гарч болзошгүй “Хар хун”-гийн тухай, мөн 2023 онд дэлхий дахин дайны үеийн эдийн засагт шилжих эсэхэд хариулт өгөхийг зорьлоо.
АНУ-ын санхүүгийн шинжээч Нассим Талебийн гаргасан томьёоллоор “Хар хун”-гийн үзэгдэл гэдэг нь бидний анхааралд өртөөгүй, урьдчилан таамаглах боломжгүй зүйл гэнэт гарч, асар их нөлөө үзүүлэн үлэмж үр дагавар авчирдаг агаад болоод өнгөрснийх нь дараа ухрааж харахад тус үйл явдал болох нь тодорхой байсан мэт рационал тайлбартай үйл явдлыг нэрлэдэг.
2023 оны дэлхийн эдийн засаг дахь ‘Хар хун’
Saxo Bank-аас оны эцэст дараа жилийн дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлох Хар хунгийн тайлангаа нийтлэн гаргажээ. Үүнд:[1]
- Дэлхий даяар эрчим хүчний хэрэгцээ хурдтай өсөж байгаатай холбоотойгоор чинээлэг, хөрөнгөтэй хүмүүс шинэ “Манхэттэн төсөл”-ийг санхүүжүүлнэ.
- Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон огцорно. Түүний нэр хүнд иргэдийн дунд муу байгаагаас гадна хэрэгжүүлж буй бодлого нь үр дүнд хүрэхгүй байна.
- Төв банкууд инфляцыг тогтоон барьж чадахгүй байдлаас болж унц алтны ханш 3000 ам.доллар давна. Төв банкуудын ‘инфляц түр зуурынх’ гэсэн таамаглал буруу гэдгийг зах зээл харуулж, үнийн өсөлт удаан үргэлжлэх нь тодорхой байгаа тул хөрөнгө оруулагч нар инфляцаас зугтаж алтны худалдан авалтаа нэмэгдүүлнэ.
- Европын холбоо өөрийн зэвсэгт хүчнийг бүрдүүлнэ. Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн ЕХ-г батлан хамгаалах бодлогодоо илүү анхаарахад хүргэж байна. ЕХ-ны батлан хамгаалах бодлого нь өөрсдийн зэвсэгт хүчнийг бүрдүүлж, НАТО-гийн дэмжлэгтэйгээр батлан хамгаалах салбар нь хүчирхэгжих явдал юм.
- Их Британи Brexit-ийн эсрэг бүх нийтийн санал асуулга явуулах буюу “UnBrexit” болно. Их Британийн эдийн засаг удааширч, инфляц 10.7 хувьд хүрч, эрх баригч нарт дотоод улс төрийн дарамт шахалт нэмэгдэж байгаа. Иймээс эрх баригчид Brixet-ээс татгалзах санал хураалтыг явуулж, Европын холбоонд эргэн нэгдэж эдийн засгаа аврах гэсэн оролдлого хийнэ.
- Инфляцыг хязгаарлах зорилгоор бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хатуу тогтооно. Дайны үеийн эдийн засагт хэмнэлт хийх, бүтээгдэхүүний үнийг хянах арга хэмжээ авдаг. Уг үед эрх баригчид үнийн хатуу хяналтыг хэрэгжүүлж эхэлснээс болж эдийн засагт тооцоолоогүй сөрөг үр дагавар гарч ирдэг.
- ОПЕК+ болон Хятад, Энэтхэг улсууд ОУВС-гаас гарч, шинэ санхүүгийн нөөц хөрөнгийн талаар тохиролцоно. ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь АНУ-ыг холбоотноо гэж үздэггүй дэлхийн улс орнуудад ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс болж өргөн хүрээг хамарсан үймээн самууныг үүсгэсэн. Үүнээс ангижрахын тулд ОУВС-гаас гарч, шинэ санхүүгийн нөөц хөрөнгө бий болгох оролдлого хийнэ.
- Япон санхүүгийн системээ шинэчилж, USD/JPY 200 ам.долларт тогтоно. 2022 онд дэлхийн эдийн засгийн зогсонги байдлаас болж иенийн ханш суларсан. Уг сулралт удаан үргэлжлэх төлөвтэй байгаа тул Японы төв банкнаас сүүлийн 10 жил баримтлаагүй бодлогыг хэрэгжүүлж, инфляцтай тэмцэх, иенийн ханшийг тогтоон барих гэсэн орлого хийж байгаа ч үр дүн өгөхгүй байх магадлал өндөр байна. Учир нь Холбооны нөөцийн сангаас инфляц буурсан ч мөнгөний хатуу бодлого баримталж ам.долларыг бусад валютын эсрэг чанга байлгах бодлого баримталж байгаа нь иенийн ханшид шууд нөлөөлөх юм. Мөн Японы эдийн засаг нь хэрэглээ, үйлчилгээний салбарт суурилсан бүтэцтэй. Тус улсын инфляц 3 хувьд хүрсэн нь иргэдийн амьжиргааны түвшинд шууд нөлөөлж байна. Японы инфляцыг бүтцээр нь авч үзвэл жижиглэнгийн худалдан авалт болон үйлчилгээний салбарын инфляц өндөр байгаа юм. Дурдаж буй эдгээр нөхцөл байдлаас болж ам.доллар иенийн харьцах ханш 170 ам.долларыг давж 200 ам.долларт хүрэх төлөв байна.
Дээр дурдсан ‘Хар хун’-гуудаас гадна бид өөрсдийн таамаглалыг танилцуулж байна. Уг таамаглал зөвхөн эдийн засаг, түүхий эд, санхүүгийн зах зээлийн мэдээлэлд суурилсан болно.
- Байгалийн хий, газрын тосны үнэ дунджаар 10-25 хувиар өснө. Газрын тосны хэрэглээ, нөөцлөх явдал улам нэмэгдсэнээс үүдэж зах зээл дээр үнэ нэг торх нь 100-150 ам.долларын хооронд байна. Өмнөх дугаарт дурсан ОПЕК+, Орос, Саудын Араб зэрэг орон газрын тосны олборлолтоо танаснаар АНУ болон бусад хөгжингүй орнуудын эдийн засагт хүндээр тусаж, шатахууны эрэлт нэмэгдэнэ.[2]
- Өлсгөлөнгөөс үүдэлтэй дэлхийн өнцөг булан бүрт тогтворгүй байдал нэмэгдэж, жагсаал, цуглаан, мөргөлдөөн гарна. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тайланд дурдсанаар дэлхийн 45 орны 345 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулд орсныг анхааруулсан. Тэгвэл Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэж дэлхийн үр тариа, бордоо гэх зэрэг хүнсний зах зээлд 30 орчим хувийн хомсдол үүссэн. Үүнээс болж хүнсний зах зээлд нийлүүлэлтийн хомсдол бий болох нь тодорхой байна.[3]
- Инфляц ба үнийн өсөлтийн хямралаас үүдэж төр засгийн эрх баригчид халаагаа өгнө. Ирэх онд инфляцыг тогтоон барихад хүндрэлтэй байх нь тодорхой байна. Шатахууны үнийн өсөлт, тээврийн зардал нэмэгдэх, нийлүүлэлтийн хомсдол, хүнсний хомсдол, зэвсэгт мөргөлдөөн зэргээс үүдэж инфляцын бүтцэд хүнсний үнээс үүдэлтэй өсөлт гол жинг дарна. Мөн ам.доллар чангарч байгаа нь хөгжиж буй орнуудын гадаад худалдаанд дарамт болно. Үүнээс үүдэж ард иргэд үнийн өсөлттэй тэмцэх зорилгоор одоо байгаа эрх баригчдыг солих зорилготой жагсаал цуглаан газар авч, давтамж нэмэгдэнэ.
- Төв банкууд ирэх онд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлнэ. Инфляцтай тэмцэж байгаа Төв банкууд зах зээл дээрх бэлэн мөнгөний эргэлтийг багасгах зорилгоор бодлогын хүүгээ өсгөх алхам хийнэ. 2023 онд Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ 5 нэгжид, Их Британийн төв банк 4 нэгжид, Европын холбоо 3 нэгжид тус тус барих бол БНХАУ-ын Ардын банк мөнгөний зөөлөн бодлого баримталж магадгүй юм. Мөнгөний хатуу бодлогоос үүдэж дэлхийн эдийн засагт нэн шаардлагатай эрчим хүч, технологийн хөрөнгө оруулалт буурна.[4]
- БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт түүхий эдийн зах зээлд шок үүсгэнэ. БНХАУ-ын эрх баригчид Тэг ковид бодлогыг сулруулснаар эдийн засаг нь аажим сэргэх бөгөөд II,III,IV улиралд өндөр өсөлттэй байна. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын эдийн засаг цар тахлын дараа огцом өснө. Аж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ сэргэж ирснээс үүдэж түүхий эдийн зах зээлд хомсдол үүсэж, эрэлтээс үүдэлтэй үнийн өсөлт бий болно.
- Санхүүгийн зах зээлд бонд болон өрөөс үүдэлтэй хямрал болно. Инфляц өндөр байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагч нар найдвартай аюулгүй хөрөнгө оруулалтыг илүү сонирхож байгаа. Үүнээс үүдэж улс орнуудын засгийн газар бонд босгох, бондыг бондоор дарах гэсэн оролдлого бүтэлгүйтэх эсвэл өндөр хүүтэй, төсөвт дарамт өдөртэй бонд гаргах магадлал өндөр байна.
- Дижитал валютын зах зээл сэргээнэ. Крипто валютын зах зээл өнгөрсөн оны сүүлээс эхэлж уналтад орж эхэлсэн ба 2022 оныг ч унтаа байдалтай өнгөрөөв. Хэдийгээр ирэх жил дэлхийн эдийн засаг хямралтай байх таамаглал байгаа ч крипто зах зээл сэргэх хүлээлттэй байна. Шалтгаан нь ам.доллар бусад валютын эсрэг чангарч буйгаас үүдэж Бээжин, Москва тэргүүтэй бусад хөгжиж буй орнууд өөр валютын шийдэл эрэлхийлж байна. Өөр валют гэдэг нь цахим валют байх магадлал өндөр. БНХАУ-ын эрх баригчид дижитал юань буюу renminbi зах зээлд ашиглаж эхэлсэн. Уг дижитал юанийг Бээжингийн Өвлийн олимпын үеэр бодит хэрэглээнд ашигласан. Харин Казахстан улс албан ёсоор дижитал тэнгээг зах зээлд хэрэглэх туршилтыг энэ оны 10 дугаар сард хийсэн. Казахстан улс БНХАУ-ын хэрэглэсэн технологийг нутагшуулсан байна. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “хоёр улсын хооронд хийгдэж буй худалдаанд гуравдагч орны валют болох ам.доллар ашиглаж байгаа нь худалдааг алдагдалтай болгож байна. Тиймээс цахим валют ашиглах нь зүйтэй юм” хэмээсэн.
Даяаршсан эдийн засаг дайны үеийн эдийн засаг руу шилжиж байна
Дайны үеийн эдийн засаг /war economy/ гэж юу вэ? Дайны үеийн эдийн засаг гэдэг нь бүс нутаг болон олон улсад зэвсэгт мөргөлдөөнтэй үед аливаа улс үйлдвэрлэлийн хүчин чадал, нөөцийн хуваарилалтаа нөхцөл байдалд нийцүүлэн оновчтой зохион байгуулахыг оролдох явдал юм. Дайны эдийн засгийн үед батлан хамгаалах үйлдвэрлэлийн салбар хурдтай хөгждөг бөгөөд хэрэглээний үйлдвэрлэлд томоохон өөрчлөлт хийгддэг.[5]
Дайны үеийн эдийн засагт дэлхийн улс орнууд яагаад шилжсэн бэ? АНУ, БНХАУ-ын хооронд худалдаа, технологийн өрсөлдөөн ширүүсч, хоёр тал дайны үеийн эдийн засгийн сэтгэлгээнд шилжээд байгаа. БНХАУ-ын зарим технологийн компанид АНУ импортын хориг тогтоож, чип үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Тайваньтай харилцаагаа гүнзгийрүүлсэн. Мөн тус улс өөрийн холбоотон Өмнөд Солонгостой чип үйлдвэрлэлийн хөгжилд хамтрахаар болов. АНУ анх удаа чип үйлдвэрлэлийн экспортыг зогсоож, холбоотнууддаа борлуулах, дотоодын үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх бодлогоо танилцуулсан. АНУ НАФТА-тай худалдааны алдагдлаа багасгах зорилготой гэрээг шинэчилж байгуулсан. АНУ, БНХАУ-ын хооронд үүссэн энэхүү нөхцөл байдлыг “худалдааны хүйтэн дайн” гэж хэлж ойлгож болох юм. АНУ-ын худалдааны бодлого нээлттэй даяаршсан хандлагаас харьцангуй дангаарших бодлогыг хэрэгжүүлж эхэллээ гэж дүгнэж болохоор байна.
2022 онд геополитикийн ашиг сонирхлоос үүдэж дэлхийн эдийн засагт хэд хэдэн “хар хун” үзэгдсэн. Тухайлбал, 2022 оны 2 дугаар сард Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн эхлэв. Үүнээс үүдэж дэлхийн түүхий эдийн зах зээл дээр ОХУ-аас нийлүүлдэг бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Мөн Украины улаан буудайн нийлүүлэлт огцом буурсантай холбоотойгоор дэлхийн дээр 200 сая гаруй хүн хүнсний хомсдолд орохоор байгаа. Зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэж дэлхийн эдийн засагт томоохон савлагаа үүсээд байна. Орос Украины нөлөөгөөр зүүн Европын орнууд дайны үеийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж байна. Ялангуяа Польш улс дотоодын аж үйлдвэрлэлээ хурдтай сэргээж байна.
Дэлхийн эдийн засгийн хямралын талаарх 3 цувралаас дүгнэж үзэхэд Монгол Улсын эдийн засагт дараах эрсдлүүд тулгарахаар байна. Үүнд:
- Газрын тосны үнэ өссөнөөс үүдэж манай улсад шатахууны нийлүүлэлт хомсдох, өндөр үнээр нийлүүлэгдэх магадлалтай байна.
Холбооны нөөцийн сан мөнгөний хатуу бодлого баримталж байгаа. Энэ нь төгрөг ам.долларын эсрэг 2023 онд сулрах эрсдэлийг дагуулж байна. - Манай улсын инфляц нь импорт, гадаад валютын ханшаас шууд хамааралтай. 2023 онд шатахууны үнэ өссөн тохиолдолд манай улсын инфляц хоёр оронтой тоотой хэвээр байх эрсдэлтэй байна.
- Хятадын эрх баригчид Тэг ковид бодлогоо цуцалж эхэлснээр иргэд хоорондын зорчих боломж нээлттэй болж юанийн ханш төгрөгийн эсрэг чангарч дунджаар 500-650 төгрөг байх магадлалтай байна.
- Хүнсний үнийн өсөлт, инфляц хоёр оронтой тоогоос буурахгүй тохиолдолд өрхийн зарлага нэмэгдэнэ. Өрхийн зарлагаа нөхөх зорилгоор зээлийн үйлчилгээнд хамрагдаж, найдваргүй зээлийн хэмжээ нэмэгдэнэ.
- Иргэдийн худалдан авах чадвар муудсан тохиолдолд хэрэглээ, үйлчилгээний эдийн засаг уналтад орох эрсдэлтэй.
Манай улс дэлхийн эдийн засгийн хямралд бэлдэх, төсвөөс аж үйлдвэрлэлийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүнсний тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортлох гэх зэрэг алхмыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дотоодын хүнсний нөөцийн агуулах, нөөцийн бүтээн байгуулалтыг хийх замаар хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах боломжтой юм. Мөн өндөр технологид суурилсан жимс, жимсгэнэ, хүнсний тариалалтыг нутагшуулах боломжийг бий болгох нэн шаардлагатай байна.
Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн