Хөл бөмбөгийн ДАШТ-д түрүүлснийхээ дараа Аргентины багийн домогт тоглогч Лионел Месси үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан дахин хэдэн тэмцээнд оролцох бодолтой байгаагаа ярьжээ.
35 настай тэрбээр Катар 2022 түүний сүүлчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохыг өмнө нь хэлж байсан юм.
“Би дэлхийн аваргынхаа хувиар дахин цөөн хэдэн тэмцээнд оролцож үзмээр байна. Спортын замналын турш надад бүх цолыг авах аз таарсан ч ганц энэ цом дутагдаж байсан юм” гэж Месси шигшээ тоглолтын дараа ярьжээ.
Тэрбээр Францын шигшээ багтай аваргын төлөө тоглохдоо үндсэн цагийн 23 дахь минутад эхний гоол, нэмэлт цагт буюу 108 дахь минутад дахин нэг гоол оруулж байв.
Францын залуу од Килиан Мбаппе энэ тоглолтод хэт-трик хийж, гурван гоол оруулан тэнцүүлсэн ч торгуулийн цохилтоор Аргентины шигшээ багт хожигдож, хоёр ДАШТ дараалан түрүүлэх ховор боломжоо алдсан юм.
Эх сурвалж: IKON.MN Aljazeera