Эх сурвалж: Sonin.mn
– Өнөөг хүртлэх бүх түүх–тэр чигтээ тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх
– Тусгаар тогтнол хэзээ ч бэлэн заяагаагүй ээ
– Монгол залуус аз жаргалтай, эрх дураараа байна. Тэдэнд ой санамж хэрэгтэй
– Монголчууд ахуйн доройтлоороо тусгаар тогтнолоо зольж болохгүй
Энэхүү өгүүллийг хоёр хөрш улс руу, ялангуяа Монгол-Оросын найрамдалт харилцаа руу зориуд хандуулж бичээгүй учраас авах гээхийн ухаанаар хандахыг уншигчдаасаа хичээнгүйлэн хүсч байна.
Жил бүрийн 7 дугаар сарын 11, 11 дүгээр сарын 26, 12 дугаар сарын 29-нийг монголчууд бид баяр-амралтын өдөр болгон тэмдэглэдэг. “Ардын хувьсгал мандсан өдөр”, “Үндэсний их баяр наадам”, “Тусгаар тогтнолоо зарласан өдөр”, “Тусгаар тогтнолын баярын өдөр”, “Улс тунхагласан өдөр” гэх мэтээр мэдээлж ярихыг залруулж энэхүү нийтлэлээ хүргэж байна. Тэр баярын утга агуулга, ач холбогдлыг ийм зураглалаар гаргая.
Манж дайчин улсаас салж тусгаар тогтнолоо зарласан нь 1911.12.29-ний билэгт сайн өдөр. Тэр бол манай улсын тусгаар тогтнолын баярын өдөр (Independence Day) болно. 2007 оноос үндэсний эрх чөлөөний өдөр болгон улс даяараа тэмдэглэж байхаар УИХ-аас шийдвэрлэсэн нь манай төр үндэсний их мэдрэмжтэй, түүхээ хүндэлдэг дээдэлдэгийн жишээ. 2007 оныг хүртэл ард түмэн маань энэ үйл явдлыг бараг мэдэхгүй явж ирсэн гэхэд хилсдэл болохгүй. Үнэндээ бол ”Үндсэний баяр” (National Day) гээч тэмдэглэлт ойг дэлхийн жишгээр тэмдэглэх өдөр маань чухам энэ юм. Яагаад? Монголын их эзэнт гүрэн задран унаж тарж бутарсаар тусгаар тогтнолоо алдаж, Манжийн эрхшээлд 200 гаран жил явсны эцэст 1911.12.29-нд тусгаар тогтнолоо эгүүлэн авч, Монгол Улсаа дахин байгуулсан өдөр нь яг тэр билээ.
Ийнхүү тусгаар тогтнолоо зарласнаас хойшхи этгээд түүхийг сөхье. Гадаад Монголын өөртөө засахыг зөвшөөрөх тухай Орос-Монголын хэлэлцээр гэдгийг 1912.10.21-нд Өргөө хотноо анхлан байгуулж байсан ба жилийн дараа 1913 онд Хаант Оросоос Хятадын бүгд найрамдах улс буюу Дундад Иргэн Улсыг хүлээн зөвшөөрч, чингэхдээ 1913.10.23-нд “Гадаад Монголын автономыг хүлээн зөвшөөрөх тухай Орос, Хятадын Тунхаглал” гэх баримт бичиг Бээжинд байгуулж, мөн өдрөө Оросын Засгийн газар ноот илгээж Гадаад Монгол нь Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн гэдгийг Орос хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгджээ. Хоёр хөрш гүрэн нь энэ тохиролцоогоо Хиагтын гурван улсын хэлэлцээ гэдгээр монголчуудад тулгаж 1915.05.25-нд гурван улсын хэлэлцээрээр (гэрээ) Монголыг Хятадын сюзерен дорхи өөртөө засах улс гэдгийг тунхаглуулж дөнгөжээ.
Энэ гэрээ Октябрийн хувьсгалын дүнд хүчингүй болж, мөн монгол ноёдын эв түнжингүй байдлаас шалтгаалан Хятадын гамин цэрэг 1919 онд Нийслэл Хүрээнд ирж Монголын автономитыг устган, үүнээс улбаалан Монголд Ардын хувьсгал ялах тохироо бүрдэж, Цагаан Орос ба Улаан Оросын аль алиных нь тусламжтайгаар тэр нь ялж тусгаар тогтнолоо эргүүлэн авсан түүх 1921 оноос бичигдэнэ. Тодорхой хэлбэл Хүрээнээс гамин цэргийг хөөж гарган Богд хааныг эргүүлж сэнтийд нь залсан 1921.02.04-нийг Тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр (Re-Independence Day) гэж үзнэ.
Монголчуудад төдийлөн танил болоогүй байж мэдэх гадны хүний бичсэн хоёр номоос дор эшлэе. Энэ хоёр номын зарим бичвэр адил утгыг илтгэж байгааг би дор товчлон буулгана. Номуудад бичсэнээс үзвэл, 1921.11.05-ны Монгол-Зөвлөлтийн Найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээр, Зөвлөлт Оросын байр суурь гэж нэгэн бүрхэг асуудал 1920-иод онд монголчуудыг алмайруулж байжээ. Манай улс дахин олж авсан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, эрх тэгш хоёр улсын хооронд Найрсаг харилцаа тогтоолоо гэж үзсэн. Гэтэл уг хэлэлцээрийн заалтууд яаж ч гуйвуулж ойлгохоор. Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө гэсэн үг өгүүлбэр тэрхүү баримт бичигт байхгүй. Хоёр улсын хууль ёсны Засгийн газруудыг харилцан хүлээн зөвшөөрч, найрсаг харилцаа тогтоож буй тухай заалтууд оржээ. Энэ үйл явдалтай зэрэгцүүлэн Зөвлөлт Орос нь ДИУ-тай харилцаагаа сайжруулах тухай цуврал хэлэлцээ 1920 оноос явуулсаар 1924.05.31-нд “ЗСБНХУ ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр” байгуулахдаа Хавсралтын 5-р зүйлд Гадаад Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн бөгөөд тэндэх Хятадын бүрэн эрхийг хүндэтгэж байна хэмээн зааж өгчээ. Хятадтай байгуулсан энэ хэлэлцээрээр 1921 оны Монгол-Зөвлөлтийн хэлэлцээрийг бүрмөсөн үгүйсгэжээ хэмээн оросын түүхч Евгений Трифонов дүгнэж байна.
Тусгаар тогтнол гэх үгнээс (нэг ёсны амлалт) тойруулаад байсан нь ийнхүү ил боллоо. Монголд 1923-1925 онд Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан А.Н.Васильеваас Нийслэл хүрээнд хэвлэгддэг орос сонинд өгсөн ярилцлагыг Хаалган дахь Америкийн Консулын газар (консул С.Сокобин) бүрэн эхээр нь авч хөрвүүлж АНУ руу илгээсэн баримтаас үзвэл зөвлөлийн дипломатч А.Н.Васильев нь манай улсын бүрэн тусгаар тогтнол, автономит эрхийн хооронд өнгөн талын ялгаа гэхээс зарчмын ялгаа байхгүй, монголчууд тусгаар тогтнолыг хүсэмжлэх цаг нь биш, тусгаар тогтнохын тулд монголчууд шаардлагатай бэлтгэл хийх хэрэгтэй, эдийн засаг, санхүү, цэргийн хувьд хүчирхэг болох, ингэснээр бүхий л улс оронтой тэгш эрхтэй ярих боломжтой болно, эрх чөлөө дэвшлийн зүгт өөрийн гэсэн замаар явах боломжтой болохын тулд Та бүхэн хангалттай хүчирхэг болсон байх хэрэгтэй, Монголын ард түмэн л өөрийнхөө хувь заяа, ирээдүйн эзэн мөн гэхчлэн ярьсныг америкийн консулын газрын мэдээлэлд өгүүлжээ.
“1924.11.26”-ыг угтуулсан үйл явдлын зах зухаас дээр дээр өгүүллээ. 1924 он Монголын хувьд ихээхэн донсолгоот жил болсон хэмээн Е.Трифонов дүгнэжээ. Тэр оны 5 дугаар сард Богд гэгээн нас нөгчсөн, cар гарангийн дараа Бээжинд СССР, ДИУ-ын хоорондын тэрхүү хэлэлцээр байгуулагдаж манай Монголыг ДИУ-д 1915 оны Хиагтынх шиг эргүүлж харьяалуулсан (урван тэрсэлсэн гэрээ хэмээн Е.Трифонов нэрлэжээ) шалтгаанаар Улсын анхдугаар Их хурлыг хийж, Богдын хойд дүрийг тодруулахгүй нөхцөлтэйгээр БНУ-ыг тунхаглах түүхэн шаардлага бүрджээ. Нэгэнтээ хаан, шашны тэргүүн дахин төрүүлэхгүй түүхэн нөхцөл бүрдсэн, иймээс засаглалын хэлбэр солихоор МАН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид мөн оны 6 дугаар сард хуралджээ. 1924 оны 8 дугаар сард МАХН-ын III их хурлаас “хөрөнгөтний бус хөгжлийн зам” сонгосон тул тэр шинэ замналдаа тааруулсан БНУ-ын Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их хурал 1924 оны 9 дүгээр сараас эхлэн боловсруулж хэлэлцэн хоёр сар хуралдсаны эцэст баталжээ.
Жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд бидний тэмдэглэж буй баяр тийнхүү нөхцөлджээ. Дээр нь Нийслэл хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрлэжээ. Уг нь социализмын үед “Нийслэлийн өдөр” хэмээн давхар тэмдэглэж байсансан. Олон улсын жишгээр бол “Republic Day” хэмээх энэ өдөр бол үндэсний баяр маань мөн. Independence Day; Republic Day хоёроо л ялгаад бичээд буй хэрэг. Өчигдөр тэмдэглэсэн ойн талаар уншигчиддаа ямар ч гэсэн түүхэн ойлголт өгсөн байх.
Ийнхүү 1924 он монголчуудад сайнаар, муугаар зэрэг тусчээ. Бид эндээ БНУ-аа тунхагласан, харин олон улсын тавцанд түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Бид өөрсдийгөө тусгаар тогтносон гэх, дэлхий дахин (хөршүүд нь) үгүй гэхийн хооронд зарчмын асар их зөрүү байжээ. Тэгэхээр дэлхийд зөвшөөрөгдсөн Монгол Улс гэж гарч ирэх ёстой. Yүний тулд 1924 оны Бээжингийн тэрхүү хэлэлцээрийг хүчингүй болгох ёстой. Түүний дараа де-юре тусгаар тогтносон Монгол Улсын тухай яриа өрнөнө. Энэ утгаар 1939-1946 оны үе бол Монгол Улсыг дэлхийд гаргаж ирсэн түүхэн цаг үе юм.
1936.03.12-нд Улаанбаатарт Харилцан туслах тухай Монгол-Зөвлөлтийн протокол (1934.11.27-нд байгуулсан аман хэлэлцээрийг баталгаажуулсан) байгуулагдснаас эхлэн ярья. Ердөө хэд хоногийн дараа 1936.04.07-нд ДУИ-ын Гадаад хэргийн сайд Жан Цюн СССР-ийн Элчин сайд Д.И.Богомоловт ноот гардуулж, Монгол-Зөвлөлтийн протокол гэрээ байгуулсныг эсэргүүцжээ. Түүндээ 1924.05.31-ний “ЗСБНХУ ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр”-ийн Хавсралт 5-р зүйлд Гадаад Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн бөгөөд тэндэх Хятадын бүрэн эрхийг Зөвлөлт улс хүндэтгэнэ хэмээснээ зөрчлөө гэжээ. Хариу болгож яг маргааш нь буюу 1936.04.08-нд СССР-ийн Гадаад хэргийн ардын комиссар М.М.Литвинов Хятадын Түр хамаарагчид ноoт гардуулж Хятадын талын эсэргүүцлийг эерүүлж 1924 оны хэлэлцээрийг зөрчөөгүй хэмээн хоёр нүүрлэсэн хариу өгчээ. Тэр байр сууриа Москвагаас баримтлан зүтгэсээр, Хятадад Японы халдлага дэгдсэн гарцаагүй байдлыг үндэслэн СССР-ДИУ-ын Үл довтлох тухай гэрээг 1937.08.21-нд байгуулжээ
Энэ бүхэнтэй давхцан манай улсад их хэлмэгдүүлэлт, Монгол-Манжийн хилийн хэлэлцээ, Халхын голын байлдаан өрнөсөн. 1941 оны СССР-Японы Төвийг сахих тухай Гэрээ, 1943 оны гурван гүрний Каирын бага хурал (Монголыг анх удаа их гүрнүүд хөндөж ярьсан), АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлал, Ялтын бага хурал (Гадаад Монголын статус-кво) гэхчлэн цаашаа үргэлжилнэ. 1945.02.04-11-нд Крымд холбоотон гурван гүрний тэргүүн нар уулзаж, хэд хэдэн чухал баримт бичиг байгуулсны дотор Алс Дорнодын асуудлаархи хэлэлцээр юм. Энэ хэлэлцээрээр Монгол нь де-юре тусгаар тогтнож байна. Энэ бол дэлхийд тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх эхлэл мөн. Энэ өдрийг ингээд таг чиг өнгөрүүлээд байх уу, яах вэ гэдэг дээр хариулт алга. 1945 оны зун СССР-ДИУ-ын гэрээний хавсралт ноотоор БНМАУ-ыг тусгаар тогтнуулах нөхцлийг тохирсон ба намар нь (1945.10.20) Монголын ард түмний санал хураалтаар монголчууд тусгаар тогтнолоо баталсан, 1946.01.05-нд Хятадын тал манай тусгаар тогтнолын талаархи өнгөлзлөгөө зогсоосон зэрэг түүхнээ тэмдэглэгдэх олон үйл явдал өрнөжээ.
Е.Трифоновын номд ийм мөрүүд байна:–Монголчууд санал асуулгаар улс орныхоо тусгаар тогтнолын төлөө санал өгсний дараа 1946 онд Монголыг СССР, Хятад хоёр албан ёсоор хүлээн зөвшөөрч, дараа нь бусад улс ч мөн хүлээн зөвшөөрөх болжээ гэжээ. СССР гэсэн байх юм, мөн хачин аа!
Эрхэм уншигч Та бүхэн эдгээр олон үйл явдлын дотроос жинхэнэ тусгаар тогтнол ба үндэсний баяраа олж тогтооно биз ээ.
Д.Баярхүү
1 comment
ЗСБНХУ ЭНЭТХЭГ БНАСАУ манай улсыг хүлээн зөвшөөрсөн хугацаа яах билээ?