БНХАУ-ын Гадаад хэргийн яам албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, тус улсын удирдагч Ши Жиньпин Индонез улсын Бали аралд болж буй “20-ийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уулзсан байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар талуудын харилцаатай холбогдох стратегийн асуудлууд болон олон улсын харилцаа, бүс нутгийн асуудлуудаар илэн далангүй, гүн гүнзгий санал солилцжээ.[1] Тус уулзалт 3 цаг орчим үргэлжилсэн.
Дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай энэ хоёр улсын удирдагчид одоогийн албан тушаалдаа очихоос өмнө аль аль нь улсынхаа “хоёрдугаар хүн” байсан бөгөөд энэ үеэс буюу 2011 оноос бие биеэ мэддэг болсон учраас уулзалт ерөнхийдөө найрсаг уур амьсгал дор болж өнгөрлөө. Хувийн найрсаг харилцаатай учраас шууд яриа хэлэлцээ явуулахад саад тогтгор үүсэхгүй хэмээн ажиглагчид дүгнэж байв. Тухайлбал, хоёр удирдагчийн анхны уулзалтад дагалдан орж байсан, АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Даниэль Рассель “тэр үед энэ хоёр хүний бий болгосон харилцаа нь улс орны удирдагчдын хооронд маш ховор тохиолддог хэлхээ холбоо байсан бөгөөд АНУ-Хятадын харилцаанд найдвар төрүүлсэн цөөн хэдэн зүйлүүдийн нэг” гэдгийг онцолсон юм.[2] Хоёр улсын удирдагчдын ярианы өнгө аясаас үзэхэд, аль аль нь 10 гаруй жилийн харилцаандаа тулгуурлан Бээжин, Вашингтоны хоорондын зөрчил маргааныг зохицуулахыг эрмэлзсэн гэж хэлж болохоор байна.
Нөгөө талаар, Ши Жиньпин, Ж.Байден нарын аль аль нь дотооддоо улс төрийн байр сууриа бэхжүүлж чадсныхаа дараа энэ уулзалтыг зохион байгуулсан учраас дотоод бодлогын тухайд ямар нэг хязгаарлалтгүйгээр ярилцахад бэлэн болсон байв. Тодруулбал, Хятадын Коммунист Нам (ХКН)-ын XX их хурал 10 дугаар сарын 16-наас 22-ны өдөр хуралдаж, Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргаар гуравдахь удаагаа улиран сонгогдон, эрх мэдлээ бэхжүүлсэн.[3] Харин АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены тухайд, энэ уулзалтын өмнөхөн АНУ-д “дундын сонгууль” болж, тус сонгуульд түүний Ардчилсан нам Конгрессын Сенатын танхимд олонх болж чадснаар сүүлийн 20 жилд эрх баригч намын үзүүлж байгаагүй амжилтыг тогтоож чадсан юм.[4]
Ж.Байден, Ши Жиньпин нарын уулзалтаар яригдсан асуудлуудыг ерөнхийд нь багцлан авч үзвэл дараах сэдвүүдэд төвлөрсөн байна. Үүнд:
Тайваний асуудал:
Ажиглагчдын үзэж буйгаар Ши Жиньпиний Тайваний асуудлаар АНУ-тай санал солилцох зорилго өвөрлөсөн нь Ж.Байдентай уулзах болсон хамгийн том шалтгаан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден тус уулзалтын дараа сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийхдээ, БНХАУ “ойрын хугацаанд” Тайвань руу халдан довтлохгүй хэмээн үзэж буйгаа онцолсон аж. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурдснаар, Ши Жиньпин Тайваний асуудлын үүсэл, Хятадын зарчмын байр суурийг бүрэн тайлбарлахын зэрэгцээ Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм, Хятад-АНУ-ын улс төрийн харилцааны үндэс суурь гэдгийг цохон тэмдэглэж, Хятад-Америкийн харилцаанд энэ “улаан” шугамыг хэзээ ч зөрчиж болохгүйг анхааруулжээ.[5]
Тайвань бол Хятадын тун эмзэг асуудал юм. Хятадын коммунист нам (ХКН)-ын удирдлагууд “хуваагдсан” Хятад бол сул дорой Хятад улс хэмээн тодорхойлдог учраас Бээжингийн нөхцөлөөр Тайванийг нэгтгэж, Хонконг, Макаог “эх үндэстэн”-дээ уусган нэгтгэх буюу “бүрэн нэгдэх” ажлыг 2049 оны эцэс гэхэд дуусгах нь “үндэсний сэргэн мандалт”-ын суурь нөхцөл болно хэмээн үздэг.[6] БНХАУ 2049 оныг хүлээлгүй, үүнээс наана Тайванийг өөртөө нэгтгэхийг эрмэлзэх төлөвтэй байгааг АНУ-ын тал анхааруулдаг. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын командлагч асан, адмирал Филип Дэвидсон албан тушаалаа өгөхөөсөө өмнө 2021 онд АНУ-ын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн Сенатын хорооны сонсголд оролцож, мэдээлэл хийхдээ “БНХАУ 2027 он гэхэд Тайванийг эзэлсэн байна” гэх ноцтой дүгнэлтийг танилцуулсан. Тэрээр мэдээлэлдээ “Дурэм журамд тулгуурласан олон улсын дэг журмыг сахин хамгаалж буй АНУ-ын манлайлагчийн байр суурийг Хятадууд эзэлж, өөрсдөө манлайлагч болох амбицаа улам эрчимжүүлж буйд миний бие санаа зовниж байна. Тэд энэ зорилгодоо 2050 он гэхэд хүрнэ гэдгээ аль хэдийн хэлчихсэн байгаа. Энэ зорилтдоо хүрэхэд ойртож буйд санаа зовниж байна. Үүнээс өмнө, тэдний хүрэхийг эрмэлзэж буй нэг зорилт нь Тайвань гэдэг нь гарцаагүй юм. Энэ аюул нь ирэх 10 жилийн хугацаанд, тодруулж хэлбэл ирэх зургаан жилийн хугацаанд биелэлээ олж болзошгүй” хэмээжээ.[7]
Тайванийг Хятадад нэгдэхээс хамгаалах боломжтой цорын ганц улс нь АНУ юм. Тайвань Хятадад нэгдэх юм бол Хятадад стратегийн давуу талыг бий болгож, АНУ-ын бүс нутаг дахь байр суурь сулрахад хүргэнэ. Учир нь Тайвань бол стратегийн чухал байрлалтай. Тодруулбал, Тайваний газарзүйн байрлал нь Зүүн Ази, Өмнөд Хятадын тэнгисийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Япон Тайванийг 1895-1945 оны хооронд эзэлж байхдаа энэ арлыг ашиглан Филиппин, Индонез руу довтолсны зэрэгцээ дэлхийн II дайны үеэр Перл Харборыг бөмбөгдөхөд ашигласан. Хэрэв Хятад Тайваньд хяналтаа тогтоох юм бол АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын төв болох Хавайн арлууд руу Хятад хялбархан довтлох боломжтой болно гэсэн үг юм. Тийм учраас Хятадад Тайванийг нэгтгэхийн эсрэг байсаар ирсэн.
Шинэ “хүйтэн дайн”-ы аюул:
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелосигийн энэ оны 8 дугаар сард Тайваньд хийсэн айлчлалын дараа БНХАУ цэргийн асуудал, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах зэрэг олон чухал асуудлаар АНУ-тай тогтоосон тогтмол харилцаа холбоогоо тасласан. Энэ байдал нь АНУ-Хятадын харилцаа илүү сөргөлдсөн шинжтэй болох магадлалыг нэмэгдүүлж, олон улсын харилцаанд түгшүүр төрүүлж, улмаар дэлхийн зах зээлд таагүй нөхцөл үүсгэсэн удаатай.
Мөн түүнчлэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегид “ирээдүйн дэлхийг ямар байлгахын төлөөх өрсөлдөөн их гүрнүүдийн хооронд өрнөж байгаа” ба БНХАУ-ыг “Америкийн хувьд хамгийн ноцтой үр дагавар бүхий геополитикийн сорилт” хэмээн тодорхойлсон байна. Мөн Хятад нь “олон улсын харилцааны дэг журмыг өөрчлөх зорилготой төдийгүй түүнийгээ гүйцэлдүүлэх эдийн засаг, дипломат, цэргийн болон технологийн хүчин чадалтай” бөгөөд “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт нөлөөний хүрээгээ тэлэх болон дэлхийн тэргүүлэх их гүрэн болох амбицтай” хэмээжээ.[8] БНХАУ-ыг АНУ-ын гол “дайсан” хэмээн тодорхойлсон явдал Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах нь АНУ-ын “grand strategy”-ийн хамгийн чухал, стратегийн зорилт болсныг харуулах болсон юм.
Төр, засгийн түвшинд төдийгүй Америкийн олон нийт ч гэсэн Хятадын талаар таагүй байр суурьтай байна. АНУ-ын Пью судалгааны төвийн судалгаагаар 2020 оноос хойш АНУ-ын насанд хүрэгчдийн дөрөвний гурваас илүү хувь нь Хятадын талаар таагүй байр суурь баримтлах болсон байна. 2020 онд Америкийн насанд хүрэгчдийн 79 хувь нь Хятадын талаар таагүй байр суурь илэрхийлж байсан бол 2021 онд 76 хувь, 2022 онд 82 хувь ийм үзэл бодолтой байгаа юм.[9]
Харин өнгөрсөн даваа гаригт болсон уулзалтын үеэр Ж.Байден АНУ-Хятадын харилцааг “хүйтэн дайн”-ы нөхцөлд аваачихгүйгээр, хариуцлагатай зохицуулна гэдгийг Ши Жиньпинд төдийгүй Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Америкийн холбоотнууддаа батлахыг оролдсон. Ж.Байден Хятадын удирдагчтай уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр “шинэ хүйтэн дайн болох шаардлагагүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн. Мөн тэрээр хоёр улсын хоорондох зогсонги байдалд ороод байсан харилцааны механизмууд эргэн сэргээнэ гэдгийг мэдэгдээд, удахгүй Төрийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг Хятадын дээд албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийлгэхээр Бээжин рүү илгээнэ гэдгийг зарлав.[10] Энэ айлчлалыг ирэх оны эхээр хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа гэдгийг Төрийн департаментын өндөр албан тушаалтан мэдэгдсэн.
Уур амьсгалын өөрчлөлт:
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар АНУ-Хятадын цаг уурын асуудлаарх яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцсон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн Тусгай элч Жон Керри болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга, тус улсын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай элч Ше Жөнхуа нарын хооронд хийсээр ирсэн яриа хэлэлцээ Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын дараа зогсонги байдалд ороод байсан. Дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулагч болох Бээжин, Вашингтон энэ талаарх яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн явуулах болсон нь Египетийн ногоон хот болох Шрам Эл-Шейхэд 2022 оны 11 дүгээр сарын 6-18-ны өдөр болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 27 дугаар бага хурлын үр дүнд эерэгээр нөлөөлөх боломжтой юм.
Хэдийгээр Хятадыг АНУ-ын аюулгүй байдалд “ноцтой” сорилт учруулах их гүрэн гэж тодорхойлсон боловч ирэх жилүүдэд АНУ-БНХАУ-ын харилцааг дан ганц өрсөлдөөн тодорхойлно хэмээн дүгнэж болохгүйг хоёр удирдагчийн уулзалт харуулж байна. Эндээс дүгнэхэд, уур амьсгалын өөрчлөлт, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал зэрэг асуудлаар Бээжинтэй хамтран ажиллах эрмэлзэл Вашингтонд байна. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хоёр талын ашиг сонирхол нийлж байна. Тухайлбал, Ж.Байден 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг тэг болгох зорилт тавьж, үүнд зориулан 2 их наяд ам.долларыг зарцуулахыг санал болгоод байна. Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдоод бүрэн эрхийнхээ эхний 100 хоногт багтаан буюу 2021 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдөр Уур амьсгалын дэлхийн удирдагчдын дээд хэмжээний виртуаль уулзалтыг зохион байгуулсан.[11] БНХАУ ч гэсэн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг тэг болгох зорилт тавьсан бөгөөд энэ зорилтдоо 2060 онд гэхэд хүрэхээр ажиллаж байна.[12]
Умард Солонгосын асуудал:
Ж.Байден БНХАУ Умард Солонгосыг алсын тусгалын цөмийн туршилт явуулахыг хориглох “үүрэгтэй”-г Ши Жиньпинд сануулж, энэ туршилтыг үргэлжлүүлсэн тохиолдолд АНУ тус бүс нутагт цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай болж болзошгүйг мэдэгдсэн байна.[13] Гэхдээ тэрээр Хятадад ийм чадавх байгаа эсэх нь тодорхойгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Ж.Байден “Хятадад ийм чадавх байгаа эсэхийг тодорхойлоход хүндрэлтэй боловч олон улсын хамтын нийгэмлэгийн бүх гишүүн Умард Солонгосыг хариуцлагатай байлгахыг дэмжих сонирхолтой байх ёстой”[14] гэжээ.
Умард Солонгос энэ онд пуужингийн туршилтуудыг олноор хийж байгаа бөгөөд туршсан пуужингуудынх нь дотор АНУ-ын эх газарт хүрэх чадалтай тив алгасагч баллистик пуужингууд байсан юм. Вашингтоны зүгээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригийг зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байх боломжийг Пёньянд олгосон хэмээн Бээжин, Москваг буруутгаж байгаа юм.
Энэ асуудалтай холбогдуулан, Камбожид болсон Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Ж.Байден Японы Ерөнхий сайд Фумио Кишида, БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол нартай тус тусад нь уулзсан. Тэрхүү уулзалтын үеэр талууд “БНАСАУ өдөөн хатгалаа эрчимжүүлж байгаа энэ үед гурван талт түншлэл нь урьд өмнө байгаагүйгаар чухал ач холбогдолтой болсон”-ыг цохон тэмдэглээд, Умард Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн эсрэг нэгдсэн, зохицуулалттай хариу арга хэмжээ авах амлалт өгсөн билээ.[15]
Дүгнэлт
Хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээ амжилттай болсон эсэхийг өнөөдөр дүгнэхэд эрт байна. Учир нь уулзалтын үр дүн ойрын зургаан сар юмуу жилийн хугацаанд бодитоор харагдана. Энэ уулзалттай холбоотой талуудын гаргасан хэвлэлийн мэдээллээс үзэхэд, үндэсний ашиг сонирхолтой холбоотой асуудлуудаар хэн хэндээ буулт хийх хүсэлгүй байгааг анзаарч болох боловч хоорондын харилцаагаа улам хурцатгахаас сэргийлэх зорилгоор олон янзын асуудлаарх яриа хэлэлцээний механимзуудаа нээлттэй байлгах сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл, Ж.Байден, Ши Жиньпин нарын уулзалтын гол зорилго нь харилцан байр сууриа ойлголцоход чиглэж байв.
Монгол Улсын тухайд, Гадаад бодлогын үзэл баримтлалд заасанчлан, БНХАУ-тай харилцах харилцааг ОХУ-ын хамт гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгохын зэрэгцээ АНУ зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй, ардчилсан орнуудтай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн. Энэ утгаараа, манай улс олон улсын харилцаанд үлэмж нөлөө бүхий энэ хоёр улсын хоорондын харилцаанд өрнөж буй үйл явдлуудыг ажиглах, тэдний хоорондын харилцаанд үүсэх зөрчил мөргөлдөөн нь бидэнд хэрхэн “сүүдрээ” тусгах хийгээд таатай дэвшил гарсан тохиолдолд түүнийг нь хэрхэн өөрт ашигтайгаар боломж болгон хувиргах вэ гэдгийг бодолцох шаардлагатай байдаг.
Ж.Байден, Ши Жиньпин нарын уулзалтаас энэ хоёр улсын харилцаа сөргөлдөөнөөс ангид байна хэмээн дүгнэх нь гэнэн хэрэг болно. Өмнө нь дурдсанчлан, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын 2022 оны стратегидаа Хятадыг Вашингтонд алсдаа хамгийн том аюул учруулах гүрэн гэж тодорхойлсноос үзэхэд хоёр талын харилцаа сайжрах төлөв харагдахгүй байна. Мөн түүнчлэн, Цагаан Ордоны дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн стратеги” үндсэндээ Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах зорилготой.
Америкийн тал манай улстай тогтоосон “стратегийн түншлэл”-ийг бүс нутагт Хятадын өсөлтийг хязгаарлах зорилгоор холбоотон, түншүүдийнхээ эгнээг өргөтгөх, бэхжүүлэх зорилгод ашиглаж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, Энэтхэг-Номхон далайн бодлогын хүрээнд АНУ гоестратегийн үүднээс Монгол Улсыг сонирхож болзошгүй.
Нэгэнт бид хоёр талын харилцааны өрнөлд шууд нөлөөлөх боломжгүй хэдий ч Монгол Улс хоёр хөршийнхөө ашиг сонирхлыг шууд хөндөхгүйгээр “гуравдагч хөрш”-ийн бодлогоо хадгалах боломжтой хэмээн харж байна. Тодруулбал, нэгэнт АНУ-ын ашиг сонирхол энэ бүс нутаг руу чиглэсэн нөхцөлд Монгол Улс АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэх, ялангуяа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх шаардлагатай юм.
Эх сурвалж: Аюулгүй байдал судлалын хүрээлэн