Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр Швейцарын прокурорын байгууллагаас хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Намайг Оюу толгойн гэрээг нь надтай холбогдуулан 2016 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Энэ хэргийг зөвхөн Монголд төдийгүй тодорхой улстөрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын холбооны улсын Прокурорын байгууллагад хэрэг үүсгэсэн байсан. Үүссэн асуудлаар Швейцарын холбооны улс нь эрх зүйн харилцан туслах гэрээний хүрээнд Монгол, Хонгконг, Австрали зэрэг дөрвөн улсын хууль хүчний байгууллагуудтай хамтран энэ хэргийг шалгасан. Ингээд 2022 оны зургадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг хэргүүдийг үндэслэлгүй болгосон. Яг үүнтэй адилхан нэг материал дээр Швейцарын холбооны улсаас үүсгэсэн байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдгийг 2022 оны наймдугаар сарын 24-нд надад мэдэгдсэн. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээлэл маш их гарч ирж байгаа учраас зориуд хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор Нийслэлийн прокурорын тасгийн газарт та бүхний нүдэн дээр гардуулж өгч байна. Энэ бол Швейцараас ирсэн албан ёсны тогтоол юм. Хууль эрхзүйн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг улс орнуудын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугүй нь тогтоогдож хэрэгсэхгүй болоод цагаатгасан явдалд би туйлын их баяртай байна. Манай хууль хүчний байгууллагад ч гэсэн хүн засагладаггүй, хууль засагладаг эрин үе ирсэн юм байна.
Монголчууд “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг. Үнэн, мөн нь, гэм буруугүй нь зөвхөн нэг улсын биш дөрвөн улсын хууль хүчний байгууллагын оролцоотойгоор нотлогдож цагаатсан шийдвэр гарсан” гэлээ.