Халтирч унаад гэмтсэн бол хохирлоо хэрхэн барагдуулах тухай зөвлөгөөг хүргэж байна.
Албан байгууллага, аж ахуй нэгжүүд гадна орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцах үүрэгтэй. Тодруулбал, байгууллага, аж ахуйн эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гарвал гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах ёстой юм. Тиймээс эхний ээлжид хохирлоо тухайн иргэн, байгууллагад хандан шаардах нь зүйтэй бөгөөд тухайн иргэн, байгууллага уг хохирлыг сайн дураар барагдуулахаас татгалзвал Иргэний шүүхэд хандах шаардлагатай.
Хэрвээ та халтирч гэмтсэн бол хамгийн түрүүнд тухайн унасан газраа баталгаажуулан зураг дарах, бичлэг хийх хэрэгтэй. Харин ганцаараа явж байгаад халтирч хүнд гэмтсэн бол эмнэлэг, цагдаагийн тусламж дуудаж уг газарт унаж бэртсэн гэдгээ баримтжуулж болно.
Энэ нь тухайн байгууллагаас хохирлоо бүрэн гаргуулах эхний баримт болох юм. Харин үүнийхээ дараа хэр их бэртсэн, эмчилгээний зардал хэдэн төгрөг болсон талаар эмнэлгийн магадлагаа гаргуулж, түүнийгээ тухайн дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлэх ёстой. Ингэснээр тус байцаагч таны эмчилгээний зардлыг тухайн байгууллагаас гаргуулж өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцох үүрэгтэй юм.