Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран эрүүл мэндийн үйлчилгээний зар сурталчилгаа нь Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтын ажлын хүрээнд “Сисди мед” ХХК-ийн “Sisdi medical wellness” твиттер хаягаар, Цэнэн ХХК-ийн Medzone эмнэлэг нь ТВ-5 телевизээр хуулиар хориглосон зар сурталчилгаа явуулсан зөрчлүүд илрээд байнх.
Эдгээр зөрчлүүд нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.-д Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана ” гэж, 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно заасныг тус тус зөрчсөн байх тул хялбаршуулсан журмаар шалган Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу тус бүр 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн.
Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Иргэд та бүхэн эмийн болон эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой зар сурталчилгааны талаарх мэдээллийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаараар өгөөрэй гэв.