Цагдаагийн байгууллагад өнгөрсөн Лхагва гарагт “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай эрэгтэй хүүхдийг үл таних хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай, эмэгтэй, А гэгч үйлдсэн болохыг тогтоосон байна. Улмаар эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Албаны сурвалж дээрх гэмт хэргийг үйлдсэн 16 настай охин өмнө нь цагдаагийн ажилтны дүр эсгэж БГД-ийн 28 дугаар сургуулиас гурван сурагчийг авч явахыг завдан, эрэн сурвалжлагдаж байсан иргэн мөн болохыг батлав.