НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсэг Монгол Улсад хоёр долоо хоног ажиллаж, “Дур зоргоор саатуулах” асуудлаарх урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.
Энэ нь НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг энэ сарын 3-14-нд манай улсад анх удаа ирж ажиллсан тохиолдол юм.
НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийнхэн Монголын хорих ангиуд нөхцөл байдлаа сайжруулахаар чармайлт гаргаж байгаа хэмээн урьдчилсан дүгнэлтээ тэмдэглэжээ.
Гэхдээ сайжруулах, анхаарах ёстой асуудал байсаар байгааг ч дурдсан байна. Тухайлбал, Ажлын хэсгийнхний очиж танилцсан хорих ангиуд ялтнууддаа долоо хоногт нэг л удаа махтай хоол өгч, бусад өдөр малын гэдэстэй хоол өгч байжээ. Хоригдлуудад өгч буй хоолны тэжээллэг чанар муу байгаад Ажлын хэсгийн санаа зовниж буйгаа урьдчилсан дүгнэлтдээ дурдаад, Хоригдолтой харьцах тухай Нельсон Манделагийн дүрмийн 22 дугаар заалтын хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газарт уриалсан байна.