Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 орчим улиас модыг хэлбэржүүлж, нийт 6600 метр квадрат талбайг зүлэгжүүлээд байна.
Мөн 11500 метр квадрат талбайд зүлэгжүүлэлт, 404 метр квадрат талбайд бетон цутгалт, 670 метр квадрат талбайд тойрог замын бетон цутгалт хийнэ. Харин Дугуй цагаан орчимд байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламжийн төлөвлөлт, тохижилтын ажил үргэлжилж байна.
Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайд байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар, байгалийн чулууг ашиглан хийж буй.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Богд хааны ордон музейн хашааг дөрөвдүгээр сарын 8-нд буулгасан. Буулгасан хашааны оронд 2840 гоёлын бут тарьж, ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилт хийж байгаа. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна.