Монгол Улсын Их Хурлын “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо”-ны хуралдаан боллоо.
Хуралдааны эхэнд Хянан шалгах түр хорооны дарга Н.Учрал хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал”-ын талаарх мэдээллийг сонссон юм.
Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа мэдээлэл хийв.
Тэрбээр “2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Монгол Улсын эмийн бүртгэлд нийт 4310 бүртгэлтэй байна. Нийт эмийн 21 хувь нь үндэсний, 79 хувь нь импортынх гэдгийг тодотгоод импортын 3407 бүртгэлтэй эмээс европ эм 3338 буюу 98 хувь, уламжлалт эм 69 буюу 2 хувийг эзэлж байна гэлээ.
Мөн тулгамдаад буй асуудлын талаар, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор хийхэд хууль эрх зүйн орчин дутагдалтай, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед нөөц бүрдүүлэхэд ханган нийлүүлэх байгууллагуудаас бүрэн хамааралтай байгаагийн зэрэгцээ эмийн хяналт, зохицуулалтад нэгдсэн байдлаар цахим тогтолцоо бүрдээгүй, чанарын хяналтыг хийх лавлагаа лабораторийн үүргээ гүйцэтгэхэд тоног төхөөрөмж, хүний нөөцийн дутагдалтай, зах зээлийн дараах эмийн чанар, аюулгүй байдлын тандалт хийх төсөв санхүү, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны зохицуулалт бүрдээгүй гэдгийг онцолсон.
Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлын зах зээлийн тандалт судалгааг эрчимжүүлэх, эм шинжлэх ба тоног төхөөрөмжийн лабораторийг олон улсын түвшинд хүргэх, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, хангамжийн нэгдсэн цахим тогтолцоог бүрдүүлэх, бусад улс орны ижил төстэй байгууллагуудтай сайжруулах чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэх, эмийн зохицуулалтын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах, сургах, зайлшгүй шаардлагатай эмийн улсын нөөцийн төвтэй болох шаардлагатай байна хэмээн танилцуулгад дурдсан байв.
Үргэлжлүүлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторийн эрхлэгч Ш.Энхзаяа лабораторийнхоо үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийсэн.
Тэрбээр, Эм шинжлэх лабораторийн шинжилгээний үзүүлэлт, шинжилгээний аргыг зарим улс оронтой харьцуулан авч үзэхэд үзүүлэлт бүрэн, харин шинжилгээний арга 3-6 төрлөөр хийх боломжгүй байгаа нь тоног төрөөхөмжийн эвдрэл, шаардлагатай урвалж бодисын хангамжаас шалтгаалж байгааг онцолсон.
Мөн 2017-2022 онуудад лабораторид ирсэн нийт дээжид шаардлага хангаагүй нь дунджаар 10.9 хувийг эзэлж байгааг дурдав. Тухайлбал, 2022 онд 54 үзүүлэлтээр шаардлага хангаагүй дээжүүд байсны 46.2 хувь нь микробиологийн үзүүлэлтээр шаардлага хангахгүй байна гэдэг дүгнэлт гарсан. Энэ нь аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байгааг харуулж байна гэж байлаа.
Түүнчлэн Монгол Улсын хувьд тус лабораторид 2013 онд ADB төслөөр тоног төхөөрмжүүд авч суурилуулсан. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатороос 124 багаж тоног төхөөрөмж хүлээн авснаас 14 тоног төхөөрөмж эвдрэлтэй. Гурван нэрийн тоног төхөөрөмжийг ажилд оруулж, 113 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр шинжилгээ хийж байна хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.