Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Батлан хамгаалах яам, БХБЯ-ны зарим ажилтныг цалингийн 10 хувиар торгох чиглэлийг ЗГХЭГ-ын даргад өгсөн байна.
Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчилан таниулах үүднээс төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж буй аж. Энэ сарын 9, 10-нд БХЯ, БХБЯ-ны албан хаагчдыг хамруулжээ. Гэтэл Батлан хамгаалах яамны 90 албан хаагчийн 70 хувь, БХБЯ-ны 100 албан хаагчийн 37 хувь нь л хамрагдсан байна. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй сургалтад суугаагүй албан хаагчдыг цалингийн 10 хувиар торгох чиглэл өгсөн хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.
Мөн тэрбээр төрийн албан хаагчид Засгийн газрын бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэхгүй бол ажил, албан тушаалаас нь чөлөөлөх хариуцлагын тогтолцоо байгаа гэдгийг дурдлаа. Түүнчлэн Удирдлагын академи мэргэжлийн зэрэг олгодог сургалтаас татгалзаж, Засгийн газрын бодлого, зарчмын сургалтыг төрийн бүх шатны албан хаагчдад ордог болох чиглэл баримталж байгааг онцолсон юм.