Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.09.14/ болж байна.
Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн зохион байгуулахыг үүрэг болгосон билээ. Үүнээс гадна Улаанбаатар хотын түгжрэл болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг Үндэсний зарим хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулахаар болж, 2023 оны Улсын төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний саналыг тусгаж УИХ-д өргөн барих талаар мэдээлсэн.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол,
- Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоол,
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа, зохицуулалттай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар,
- Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн явц,
- Буянт-Ухаа инновацийн төв байгуулах талаар,
- Орон сууцны хороолол, барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах арга хэмжээний тухай зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулна.