Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт ажиллаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлтэй танилцаж, тулгамдсан болоод шийдэх асуудлыг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр тус “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн үйлдвэрийнхээ талаар товч танилцуулсан. Өнөөдрийн байдлаар 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн бол 210 мянган тонн мидлингийн нөөцтэй байгаа аж. Тус компани 3380 орон тоотой ажиллахаас одоогийн байдлаар 2185 ажилтан, ажиллагсадтай ажиллаж буй ажээ. Үйлдвэр улирлын чанартай ажилладгаас шалтгаалан боловсон хүчин тогтворгүй байдгийг тодотгож байлаа. Түүнчлэн ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлийг хүнд хортой нөхцөлд бүртгүүлэх, цалингийн сүлжээг сайжруулахад анхаарч байгааг танилцуулсан юм. Тус үйлдвэрийн 12 төрлийн ажлын байрыг хүнд хортой нөхцөлд бүртгүүлэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд санал боловсруулан өгч буй ажээ. Зүүн бүсийн үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд баруун бүсийн үйлдвэрийг үе шаттайгаар зогсоохоор салбарын яамтайгаа тохиролцсон байна. Зүүн бүсийн үйлдвэрийн тухайд ус хангамжийн асуудал тулгамдаж байгаа бөгөөд эл асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал байгааг үйлдвэрийн дарга онцолж байлаа.
Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө оролцсон. Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилгоор галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвлөө угтаж байна. Энэ хугацаанд нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэг гэсэн үндсэн гурван асуудлыг хариуцан ажиллаж ирсэн билээ. Энэ хүрээнд хийсэн ажлаа Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч танилцуулав. 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан нийслэлийн хэмжээнд 100 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа юм. Энэ жилийн хувьд 31 тээврийн компанитай гэрээ байгуулж, 392,100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан байна.
2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн. Есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийг ажиллуулж эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна. Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд тус дүүргийн 7691 өрхөд угаарын хий мэдрэгч өгнө гэдгийг Хотын орлогч дарга мэдээлсэн юм.
Монгол Улсын Засгийн газрын гишүүд “Тавантолгой түлш” ХХК болон нийслэлийн зүгээс хариуцсан ажлуудаа хариуцлагатайгаар гүйцэтгэж байгааг дурдаад, цаашид энэ ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болголоо.Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, борлуулан түгээх чиглэлд Засгийн газраас хангалттай дэмжлэг үзүүлж байгаа. Цаашид салбарын яамд болон нийслэл хамтдаа зангидсан гар шиг ажиллах хэрэгтэй. Төлөвлөсөн цаг хугацаанд асуудлаа шийдээд, чанар стандарт, хатаалтад Эрчим хүчний яам анхаарна биз. Мидлинг татах төмөр замын асуудлыг яаралтай шийд. Энэ асуудалд Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам анхаарлаа хандуул” гэсэн тодорхой үүргийг өглөө.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР