Өнөөдөр “Бичиг үсгийн олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг 1966 оны Боловсролын сайд нарын Дэлхийн бага хурлын үеэр санаачлан дэмжсэнээс хойш жил бүрийн 09 дүгээр сарын 08-ны өдрийг “Бичиг үсгийн олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтож, бүх нийтийн соёлын боловсролын түвшнийг нэмэгдүүлж, бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг ойлгуулан, бичиг үсэг тайлагдах боломжийг хүн бүрд тэгш хүртээмжтэй олгох нөхцөлийг бүрдүүлж, бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд чиглэх болсон.
“Бүх нийтээрээ хос бичигтэн” болоход дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаагаас манай ирээдүй хойч болсон залуус, тэр дундаа орон нутгийн хүүхдүүд маань манлайлан оролцсоор байна. Тодруулбал, энэхүү тэмдэглэлт өдрийг угтан Говь-Сүмбэр аймгийн “Эрдэнийн бийр” дугуйлангийн сурагчдын “Тэгш таван хүсэл” үзэсгэлэнг Соёлын яамны 1 давхрын танхимд дэглэн та бүхэндээ хүргэж байна. Мөн саяхан болсон “Эх хэлний өдөр”-өөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн эгч дүүсийн бүтээлээр “Хос бичигтэн” үзэсгэлэн танилцууллаа.