Кыргызстан, Тажикистаны хил дээр орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд ганцаарчлан авирч байсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метрийн өндөрт хөлөө хөлдөөжээ. Улмаар бууж чадахгүй гацсан мэдээг энэ сарын 7-нд 12:00 цагорчим Консулын газраар дамжуулан Монголын уулчдын үндэсний холбоонд хүргэв.
Мэдээллийн дагуу аврах ажиллагаа явуулахаар МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадоржийн хамтаар өнөөдөр Улаанбаатараас Кыргызстаныг зорилоо.
Кыргызстан улс дахь Монгол улсын Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд аврагчдыг Бишкек хотод бууснаас цааших бүх асуудлыг Элчин сайдын яам саадгүй бүрэн шийдэх аж. Уулчин Х. Бумхишигийн биеийн байдал сайн, хоол, унд хүрэлцээтэй бөгөөд дөрөв хоног ууланд гацаад байна.
Уулын баазууд ихэнх нь буусан, шууд аврах ажиллагаа явуулах уулчин Ленин оргилд ойрхон байхгүй. Цаг агаарын байдал тааламжтай, салхины хурд тогтмол хэвийн, хур тунадасгүй байгаа аж.
Аврах ажиллагаанд явах зардлыг МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Жаргалант уулчдын клуб, Цэгц клуб болон бусад хандив дэмжлэгээр бүрдүүлэв.
Эх сурвалж: Монголын уулчдын үндэсний холбоо