Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнөөдрийн хурлаар шийдсэн зарим томилгооны талаар сэтгүүлчид тодруулав. Тухайлбал, сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн зарим хүнийг тухайн яамных нь дэд сайдаар томилсон, өндөр насны тэтгэвэрт гарах хүнийг дахин өөр албан тушаалд шилжүүлсэн зэрэг асуудлыг тодруулсан юм.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын бодлогоор эдгээр томилгоонууд хийгдсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон бол мэргэжлийн хүн. Энэ салбарт мэргэжлээрээ 30 орчим жил ажилласан. Түүний ажилласан байдлыг харгалзаж салбар хариуцсан сайдаар ажиллуулж байсан. Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой зэрэг томоохон үйлдвэрүүд мэргэжлийн удирдлагатай байх ёстой. Нөгөө талаас улс төрийн туршлагатай, Засгийн газар, УИХ-ын түвшинд үйл ажиллагаагаа танилцуулах чадвартай хүмүүсийн туршлагыг харгалзан үзэж томилдог. Мэргэжлээс гадна улс төрийн харилцаанд илүү ойр, Засгийн газар, УИХ-д ажлаа танилцуулж, ойлгуулж чаддаг байх туршлага их чухал байдаг.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд байдаг Зэсийн группийг хөл дээр нь босгож ирэх даалгавар авсан. Зэсийн групп нь одоогоор цаасан дээр байгуулагдсан. Цаашид зэстэй холбоотой бүх бодлогыг энэ групп дээр нэгтгэснээр Монгол Улсын баялгийн сан болох юм. Өөрөөр хэлбэл, энэ хүний уул уурхайн салбарт ажилласан туршлагыг Засгийн газар ашиглаж байгаа юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг яамных нь дэд сайдаар томилсон. Энэ хүн хүндрэлтэй цаг үед сайдын алба хашсан. Өөрөөр нь шалтгаалсан алдаа дутагдал 100 хувь байсан гэж үзэх аргагүй. Яагаад гэвэл гаднын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, тендер шалгаруулалт нь зөвхөн Монголын талаар шалтгаалахгүй саад бэрхшээлтэй учирч байгаа. Хоёрдугаарт, Л.Халтар төмөр замд цэвэрлэгчээс эхлээд дарга хүртэл нь ажиллаж байсан. Тиймээс энэ хүний туршлагыг ашиглах ёстой гэдэг үүднээс энэ томилгоог хийсэн.
Мөн тус яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн тухайд төрийн болон улс төрийн ажлын олон жилийн туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан үзээд зарим дэд сайдыг сэлгэн ажиллуулах бодлого баримталж байна. Энэ бодлого зөвхөн Ж.Бат-Эрдэнэ сайдаар зогсохгүй.
Түүнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван сайдын орон тоо нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар хоёр сайд томилогдоод байгаа. Гэхдээ энэ гурван сайд хариуцсан яамгүй, ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулна.
Улаанбаатар хотын түгжрэл дан ганц нийслэлийн асуудал гэхээсээ илүү Монгол Улсын бодлогын асуудал болсон. Бодлогын асуудлуудыг нэгтгэж, яамд хоорондын уялдаа холбоог хангах үүднээс түгжрэл хариуцсан сайдыг томилсон.
Боомтын асуудал хариуцсан сайдын тухайд, хоёр хөрштэй харилцдаг 5-6 нэгж байдаг бол БНХАУ-д боомтын асуудал хариуцсан зөвхөн нэг нэгж байдаг. Өөрөөр хэлбэл, хилийн цаадах боомтын захиргаатай Монгол талаас 5-6 нэгж харилцаад байдгийг засаж нэг нэгж харилцдаг болъё гэдэг бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа.
Аливаа улс орны хувьд улс орноо таниулан, сурталчлах нэг том салбар нь спорт. Тэгвэл манайд Ерөнхий сайдын харьяаны ганц агентлаг яваад байгаа нь тухайн салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд авч явах боломжийг хомс болгоод байгаа юм. Тиймээс улс орон болгоны амбицад байдаг спортын тэргүүн эгнээнд гаргаж ирэх зорилгоор Спортын асуудал эрхэлсэн яамгүй сайдын орон тоог бий болгосон.
Төсвийн тухайд Спортын сайдын ажлын алба гурав хүртэл хүний орон тоотой ажиллах боломжтой. Замын түгжрэлтэй холбоотой асуудалд арай өргөн бүрэлдэхүүнтэй ажлын албатай байх шаардлага үүсэж байгаа” гэдэг тайлбар өглөө.