“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган-2022” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй “Монголын өдрүүд-2022”-ийн нээлт Вашингтон Ди Си хотын Роналд Рейганы Олон улсын худалдааны төвд боллоо.
Уг үйл ажиллагаа нь АНУ, Монгол Улсын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн болон Монгол орны өв соёлыг сурталчлан таниулах зорилготой юм.
“Монголын өдрүүд”-ийг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч, Элчин зөвлөх Я.Болд-Эрдэнэ, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, АНУ-ын ХХААЯ-ны ахлах зөвлөх Ж.Вэйд Шеффард, Дэлхийн банкны орон хариуцсан ахлах ажилтан Лианг Ванг нар тус тус үг хэлэв.
Энэ сарын 29-31-нийг хүртэл үргэлжлэх “Монголын өдрүүд-2022”-д Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, “Экспорт Монголиа” төрийн бус байгууллага, Монгол Улсын ЭСЯ болон Монголын ноос, ноолуур, арьс шир, оёдол, гар урлал, гоо сайхан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 20 гаруй компанийн бизнес эрхлэгчид, соёл урлагийн салбарын төлөөлөл зэрэг нийт 80 гаруй хүн оролцож байна.
Мөн Төрийн департамент, Худалдааны танхим, Дэлхийн банк зэрэг АНУ-ын төр захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд урилгаар оролцож буй юм.
Энэ үеэр Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, өв соёлоо таниулах урлаг, соёлын үзүүлбэр, уран зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэхээс гадна хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд бизнес уулзалтууд зохион байгуулах юм.
MONTSAME