Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо/МХҮХ/, “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, Сургалт, Хөгжлийн төв” УТҮГ-ын удирдлагыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар МХҮХ-ны дэргэдэх хараагүй иргэдийн сургалтын төвийн асуудлыг хөндсөн юм.
Долоон мэргэжлээр сургалт явуулдаг, хөдөө орон нутгаас суралцагч, суралцах хүсэлтэй хараагүй иргэн олон байдаг ч төвийн байр шаардлага хангахгүй, зарим сургалтаа орон сууцанд явуулж байна. Холбооны дэргэдэх сургалтыг “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, сургалт, Хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын байранд явуулах боломжтой ч үйлдвэрийн байрыг сургалтынх болгохын тулд яамны зүгээс дэмжлэг хүсэж буйгаа тэд сайдад уламжиллаа.
ХНХ-ын сайд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв ирэх жил ашиглалтад орохоор МХҮХ-нд байр гаргаж өгөх боломжтой. Сургалтыг орон сууцанд биш зориулалтын байранд явуулах нь зүйтэй. Үйлдвэрээс гаргах танхимыг нөөц боломждоо тулгуурлан сургалтынх болгож засварлах, тэнд сургалтын үйл ажиллагаа явуулахыг дэмжье” гэлээ.
Ингэснээр хараагүй иргэд зориулалтын анги танхимд суралцахаас гадна олон хүүхэдтэй, эсвэл өрх толгойлсон хараагүй хоёр иргэн хараагүй иргэдийн орон сууцанд амьдрах боломж бүрдэх юм.
Уулзалтаар мөн тус холбооныхон хөдөө орон нутагт ажилласан талаараа мэдээлэл өглөө хэмээн тус яамнаас мэдээллээ.