Цэц шийдвэр гаргалаа. Эрхэм гишүүдэд “давхар дээл”-ийг зөвшөөрөв. Хоёроос дээш сонгогдсон гишүүд нойргүй хонож эхлээд байна. Мөн УИХ-ын гишүүдийг олуулаа болгох хаалгыг нээв. Тэрнээс болоод Төрийн ордны гадаа ч гишүүний сэнтий зорьсон “улстөрчид”-ийн цуваа үүслээ. Ямартай ч ойрын үед ээлжит бус чуулган зарлагдаж, Цэцийн шийдвэрийг хэлэлцэнэ. Хариу нь бараг тодорхой доо. Цэцийн шийдийг хүлээж авна. Тэгээд Засгийн сэлгээ хийгдэнэ гэсэн үг.
Одоогийн сайд нарын олонх нь Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Ардын намын генсекийн шошготой. Тэгэхээр хэний сайд явж, хэнийх нь үлдэх вэ гэдэг дээр тэд ярина. Ярьж ч байгаа аж. Хэдхэнээс бусад нь “дан, давхар”-гүй л явах шинжтэй. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, бараг 80 хувь нь явахаар болж байх шиг байна. Гэхдээ сайдаас чөлөөлөөд хаячихгүй бололтой.
Өөр томоохон албан тушаал руу сэлгэн томилогдох хүн хэд хэд дуулдаж байна. Тухайлбал, буусан сайд нар “Эрдэнэт”-ийн захирал, ЗХЖШ-ын дарга гээд төрийн өмчит үйлдвэрийн газар, агентлагийн дарга зэрэг албан тушаалуудад томилогдох зүг чигтэй байна. Гэвч ийм яриа тохироонууд өдөр болгон өөрчлөгдөнө л дөө. Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоол гарсаны дараа л шинэ сайд нар эцсийн байдлаар тодорно. Энэ удаагийн засагт орох шинэ сайд нарт нэг л том шаардлага тавигдана. Тэр нь улс төрөө даах чадвар буюу “гал барьдаг” чадалтай байх хэрэгтэй гэсэн үг.
Манай гишүүдийн дийлэнх нь өөрсдийгөө энэ шаардлагыг хангана гэж үздэг юм байна. Цэцийн шийд гарсаны шөнөөс эхлээд л эрхэм гишүүд Ж.Мөнхбатын хэлсэнээр “хөнгөн араандаа хийчихээд” жирийцгээх болжээ. Суудал нь тоотой, суух хүн нь бараг 76-уулаа болоод байгаа аж. Сайд болох гишүүд өөрсдийгөө товойлгож, өрсөлдөгчөө дарах ажлыг ч хийгээд эхэлжээ. Саяхан даа, нэг гишүүний казино тоглож байгаа гэх зургийн эвлүүлэг цахим сүлжээнд тарсан. Хэргийн эзэн баригджээ. Тэр нь нэг сайд байжээ. Ингэж л сайдын суудлын төлөөх хөгөө чирсэн марафон явж байна.
Засгийн сэлгээ гэдэг зүйл зөвхөн хэдэн сайдаар хязгаарлагдахгүй юм байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар аймгийн Засаг дарга нарын ажлыг дүгнээд Ховдын дарга Б.Дүгэржавыг ажлаас нь чөлөөлжээ. Чөлөөлөх болсон хамгийн том шалтгаан нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр хангалтгүй ажилласантай холбоотой гэсэн. Аймгийн Засаг даргатай хариуцлага тооцох явдал Б.Дүгэржаваар дуусахгүй юм байна. Дахиад 4-5 аймгийн Засаг даргатай хариуцлага тооцох магадлалтай болжээ. Өөрөөр хэлбэл, Б.Дүгэржавын хэмжээний томоохон шалтаг шалтгаанаар хариуцлага хүлээх хэд хэдэн аймгийн Засаг дарга байна гэсэн үг. Аймаг орон нутагт нь томоохон төслүүд хэрэгждэг, гэвч түүнд түлхээс биш зангуу болж хэвтдэг Засаг дарга нар сонгуульт хугацаанаасаа өмнө “…Баяртай” болох бололтой. Ерөнхий сайдын тухайд 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд Төрийн ордонд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж байв. Тэгэхдээ “…Ирэх оноос Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт шууд хариуцлага тооцож эхэлнэ. Ажил хийх санаачилгыг дэмжинэ. Хамтарч ажиллана. Авлигын хэрэгт холбогдвол хамгаалахгүй” гэж хэлж байжээ. Түүнээс сарын өмнө, 2021 аравдугаар сарын 14-нд УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдээс Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар улс төрийн дэмжлэг хүсээд “…Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан.
Жишээ нь, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой. Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй.
Үүнд хөтлөгдөөд явах уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна. Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй. Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй” гэж байжээ. Бүр сүүлд, хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар “…Стратегийн бүтээн байгуулалтыг гацаавал хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзнэ” гэж ярьсан байдаг.
Тодруулбал, “…Иргэний нийгмийн байгууллагын эсвэл ард иргэдийн нэр барьсан хэн нэгэн этгээд ямар ч эдийн засгийн тооцоо судалгаагүй тасалдуулж байгаа үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан Хорлон сүйтгэх ажиллагаа гэх холбогдох зүйлчлэлээр нь Засгийн газрын нэрийн өмнөөс хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан” гэж сайд Х.Нямбаатар нийтэд мэдээлэл өгөхдөө ярьсан. Ийн цаашид том төслүүдийн хэрэгжилтэд зөвхөн салбарын яам, агентлаг бус орон нутаг томоохон үүрэгтэй оролцох болж байх шиг байна. Тиймээс төслүүд гацаасны хариуцлага аймгийн Засаг дарга нар руу бууж байна гэсэн үг. Ер нь бол энэ сэлгээнд сайд нарын бараг 80 хувь, Засаг дарга нарын 30 орчим хувь өртөж магадгүй юм байна.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин