Дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд ойролцоогоор 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас мэдээлжээ. Түүнчлэн 15-29 насны хүүхэд, залуусын нас баралтын үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байна.
Он гарснаас хойш зам, тээврийн ослын улмаас орон нутагт 416 хүн, нийслэлд 671 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 295 хүн амь насаа алдаж, 155 сая төгрөгийн эд материалын хохирол учирсан байна.
Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дээрх тоон үзүүлэлтэд жолоочийн анхаарал болгоомж, хариуцлагаас гадна техникийн бүрэн бүтэн байдал шууд нөлөөлдөг.
Тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт хамруулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж, үзлэг, оношилгоондоо хамрагдахыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс уриалж байна.