Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Л.НАРАНБААТАР-тай ярилцлаа.
-Дотоод зах зээлд цементийн үнэ өссөн үед төр хувьд шилжээд ашиг орлого нь тасарсан цементийн ганц үйлдвэрээ мэдэлдээ авсан, дагаад хүчтэй эсэргүүцэл өрнөсөн ийм цаг үед та Хөтөлийн “Цемент, шохой” ТӨХК- ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Анх ямар байдалтай үйлдвэр хүлээж авав, одоо ямар хэмжээнд ажиллаж байгаа вэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгнө үү?
-Манай менежментийн баг үйлдвэрийн удирдлагыг гуравдугаар сарын 25-нд хүлээж авсан. Бид ажлаа аваад үйлдвэрийн менежментийг сайжруулах, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхээр ажилласан. Биднийг ажлаа авахад манай үйлдвэрийн 765 ажилчдын 70 гаруй хувь нь гар дээрээ 500-700 мянган төгрөг бэлнээр авдаг, ийм тогтсон цалинтай ажиллаж байсан. Энэ бол хүнд үйлдвэр, хүнд үйлдвэр өөрөө мэргэшсэн ажилчдын нуруун дээр тогтдог нэгж. Судалгаа хийгээд үзэхэд 2015 онд үйлдвэр хувьд шилжихээс өмнө ажилчдын цалин улсын дунджаас 18 хувиар өндөр байсан юм билээ. Түүнээс хойш цалин огт нэмээгүй байж байгаад 2019 онд нэг удаа 20 хувиар нэмсэн байдаг. Гэсэн ч цалин улсын дунджаас доош орчихсон, 2021 оны байдлаар 10 хувь доогуур орсон байсан.
Өөр нэг гайхшируулсан, санаа зовоосон асуудал бол манай ажилчдын 460 гаруй нь банканд зээлтэй. Бусад банкууд 1-ээс 1.3 хувийн хүүтэй зээл олгож байхад манай ажилчид ердөө ганцхан Худалдаа хөгжлийн банкнаас л зээл авдаг. Ингэхдээ 1.7 хувийн өндөр хүү төлдөг ийм байдалд орсон байсан. Тиймээс юуны өмнө цалин нэмэх ёстой гэж үзээд 20 хувиар нэмсэн. Дөрөвдүгээр сарын эхээр банкны зээлийн монополчлолыг задлахын тулд Хөтөлд үйл ажиллагаа явуулдаг Төрийн банк, ХААН, ХАС зэрэг банкны удирдлагуудтай уулзалт хийж, ажилчдынхаа зээлийг ХХБ-ны өндөр хувийн хүүнээс чөлөөлөх ажлыг зохион байгуулсан.
Үйлдвэр цементийн орлогоо танай банканд байршуулна. Харин та нар манай ажилчдыг зээлийн хүүг бууруулж, 1.1 хувьд хүргэж өгнө үү. Аль банк илүү их зээл татна, тэр банканд манайх орлогоо арай илүү байршуулна гэдгээ ч тохирсон. Ингээд банкны төлөөлөгчдийг үйлдвэр дээрээ уриад, ажилчдынхаа зээлийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж чадсан. Манай 460 хүний нэг нь дунджаар 10 гаруй сая төгрөгийн зээлтэй байсан. Зээлийн хүүг бууруулснаар жилдээ 700 мянгаас нэг сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм. Энэ бол амьдардаг орон сууцныхаа дулаан, ашиглалтын зардлыг төлөх хэмжээний мөнгө. Ажилчдынхаа цалинг хавар 20 хувиар нэмсэн ч байдал сайжраагүй учраас ахиад зургадугаар сарын 1-нээс багадаа 40 хувиар нэмсэн. Аль болохоор улсын дундаж цалинд хурдан хүргэхийг зорьж байна.
Анх ажлаа хүлээж авахад нөхцөл байдал их хүнд байсан. Наранбаатар үйлдвэрийг зогсоочихлоо гэх мэтээр намайг хэвлэл мэдээллээр их ч нүдсэн. Аргагүй шүү дээ, төр өмчөө эргүүлж аваад, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, санхүү хаана доголдоод байна вэ гэдэг баримттай, тов тодорхой танилцах гээд байсан учраас хувьчилж авсан тал их эмзэглэсэн байх. Ажлаа аваад ажилчдынхаа цалинг тавих гэсэн чинь дансанд мөнгө байгаагүй. Би ердөө 81 мянган төгрөгтэй үйлдвэр хүлээж авсан. Энэ үйлдвэр үнэхээр мөнгөгүй байсан уу гэтэл үгүй. Уг нь төр үйлдвэрээ өөрийн мэдэлдээ хүлээн авч байх явцад үйлдвэрийн дансанд цементийн орлого болох 4.2 тэрбум төгрөг байсан юм билээ. Гэтэл яг төрд шилжихийн өмнөх өдөр хагасыг нь, төрд шилжсэн өдөр үлдсэнийг татаад ердөө 81 мянган төгрөг үлдээсэн байсан.
-Энэ мөнгийг хэн татаж авсан юм бэ. Үйлдвэрийг хувьчилж авсан байсан компани уу?
-Худалдаа хөгжлийн банк. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт шилжүүлсэн зээлийн төлбөрийн өрөнд гээд дур мэдээд татчихсан байсан. Бид үйлдвэрийн данснаас гаргасан 4.2 тэрбум төгрөгийг эргүүлж авахын тулд АТГ-т хандсан. АТГ ч шуурхай ажилласан. Энэ бол ажлаа хүлээж авсны дараа тулгарсан эхний сорилт байсан юм билээ. Дансан дахь мөнгийг татаад авчихаар ажилчид цалингүй болно, цалингаа авч чадаагүй ажилчид бухимдана. Ийм бухимдлыг ашиглан нийгэмд “Үйлдвэрийг төр эргүүлж авах нь буруу, үйлдвэр хувьд байх нь зөв” гэсэн мессеж өгөхөөр төлөвлөсөн байсан.
Энэ байдал ажилчдын маань цалинг найм хоног гацаасан. Яг цалин тавихад үйлдвэр татварын өртэй учраас дахиад хүндрэл учирсан. Асуудлаа цэгцлээд, хөөцөлдөж яваад ажлын цаг ч дууслаа. Гэхдээ тэр өдөр ХААН банк бидэнд тусалж, цаг сунган ажиллаад ажилчдын маань цалинг тавьсан. Бид 20 хувийн нэмэгдэлтэй цалинг ажилчдадаа олгосон. Тэр хугацаанд өмнөх удирдлагын багийнхан ажилчдыг, Үйлдвэрчний эвлэлийг босоход бэлдээд байсан юм билээ. Яг цалин тавихаас тавхан минутын өмнө миний утсанд компанийн Үйлдвэрчний эвлэлийн даргаас дуудлага ирдэг юм. Нөхөр надад “Маргааш ажилчид бослого гаргана, чамайг буцаана” гэж мэдэгдсэн. Өмнөх дарга нар нь ажилчдыг уриалаад, эсэргүүцэлд бэлдээд байсан юм билээ. Гэхдээ энэ сорилтыг бид давж чадсан.
-Цементийн орлогыг татаж данс хоослох, Үйлдвэрчний эвлэлийг эсэргүүцэлд бэлтгэсэн гэх мэт үйл явцууд анхны сорилт байсан гэж байхыг бодоход өөр зохион байгуулалттай гэж үзэхээр ямар нэгэн юм болж өнгөрсөн байх нь ээ?
-Үйлдвэрийн техникийн эд анги доголдсон. Өмнөх удирдлагууд бидэнд ажил хүлээлгэж өгөхдөө тэр бүр хүн анзаарахгүй эд ангийг эвдэлж, гэмтээсэн байсан. Цемент үйлдвэрлэдэг гол тээрмийн асаах товчлуурын цаана байдаг тохиргоо эвдэрсэн байсан. Үүнийг засварлахад их үнэтэй, сэлбэг нь ч Монголд байдаггүй юм. Тэр товчлуурыг дарахад тээрэм зугуухан эргэж, аажмаар эрчээ авч хэвийн горимд шилждэг. Энэ товчлуур байхгүй бол тээрэм шууд, хурдтай эргэж, механик эд ангиудын хооронд хавиралт үүсэж бусад том эд ангиа эвддэг юм. Тийм учраас бид ийм давтамж хувиргуурыг Монголоор нэг хайсан. “Эрдэнэт” үйлдвэрт хоёр ширхэг байсан.
Гэвч “Манай аюулгүйн нөөц, бид үйлдвэрээ зогсож болохгүй” гээд өгөөгүй. Нөөцөө хадгалах ёстой, энэ бол аргагүй асуудал. Мөн “Оюутолгой” компанид байсан ч “Манай аюулгүйн нөөц” гэсэн. Бид бас БНХАУ-аас хайгаад олоогүй. Ингээд эрэл сурал болж байж хил, гааль хаалттай үед онгоцоор авчирсан.
Үйлдвэрийн үйл ажиллагаа зогсвол ажилчид цалингүй болчих гээд байдаг. Үүнээс гадна үйлдвэр нэг л хоног зогсвол 500 сая төгрөгийн алдагдал хүлээдэг. Энэ гэмтлээс болоод 30-40 хоног зогсвол хэдэн тэрбум төгрөгийн алдагдалд орно шүү дээ. Үнэнийг хэлэхэд олон жил, сэтгэлээрээ ажилласан, техникээ мэддэг, хаана, юу нь эвдэрсэн бэ гэдгийг дор бүр нь олж тогтоогоод, яаж завсарлахаа мэддэг чадвартай, мэргэшсэн инженер, оператор, ажилчдынхаа хүчээр л хүнд асуудлыг давж гарч байна. Одоо тээрэм хэвийн ажиллаж байгаа.
-Үйлдвэрийн санхүүгийн байдал өмнөхөөсөө дээрдсэн үү. Хувийн хэвшилд байх үед үүссэн их хэмжээний алдагдал, санхүүгийн доройтлын шалтгаан юунд байсан юм бол. Эдийн засагч хүний хувьд таныг ийм тоо, тооцоог аль хэдийнэ хийчихсэн байх гэж бодож байна?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэдманай үйлдвэр хоёр тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ нь 2015 он буюу хувьд шилжсэнээс хойш тооцогдож буй хамгийн анхны өндөр ашиг. Өмнө нь нэг ч сар ашигтай ажиллаагүй, нийт 148 тэрбум төгрөгийн алдагдалд орсон байсан. Өмнөх удирдлагууд ажилчдад “Үйлдвэр алдагдалтай ажиллаж байгаа учраас цалинг нэмэх боломжгүй” гэж хэлсээр ирсэн байгаа юм. Одоо бол цалин нэмэгдсэн учраас ажилчид урам орж, итгэл сэргэн, бүтээмжээ нэмэхийн төлөө бүх чадлаараа ажиллаж байна. Одоогийн байдлаар бид 8.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна. Дансандаа 81 мянган төгрөгтэй үйлдвэр хүлээж авсан бол өнөөдөр манай дансанд 16 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө төвлөрсөн. Үйлдвэрийн эдийн засаг сайжирч байгаа.
Тиймээс зургадугаар сарын 1-нээс үйлдвэрт цалингийн бүтээмж, менежментийн урамшууллын шинэ систем хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ систем төрийн өмчит компаниудад мөрддөггүй, анх удаа “Цемент шохой” ТӨХК-д хэрэгжиж байгаа юм. Ер нь үйлдвэр алдагдалтай ажиллаж байсны өөр нэг шалтгаан цалин, урамшууллын системд байсан юм билээ. Ажилчид тогтмол цалинтай. Ажил хийсэн ч, хийгээгүй ч тогтмол цалин авдаг.
Эсрэгээр ажилчдын үндсэн цалинг 40 хувиар нэмээд, дээр нь нэг тонн цемент тутамд тодорхой урамшуулал зарлаад, бүтээмжид суурилсан цалингийн систем ажиллаад эхлэхээр техникийн эвдрэл, гэмтэл багасаж, үйлдвэрлэлийн хэмжээ ч нэмэгдэж байна. Ажилчид техникээ эвдэрсэн ч сул зогсохгүйн тулд засвар үйлчилгээгээ хурдан хийгээд ажлаа үргэлжлүүлж байна. Энэ бол үйлдвэрт гарсан шинэ өөрчлөлт. Өмнөх сард бид 40-45 мянган тонн цемент үйлдвэрлэсэн бол энэ долдугаар сард 70 мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Энэ бол үйлдвэрийн түүхэн дэх рекорд амжилт. Бид энэ сард шинэ менежментийн анхны үр дүнгээ үзэж эхлээд байна.
-Танай компани сүүлийн үед жижиглэнгийн борлуулалтад нэлээд анхаарч байх шиг байна. Хавар Улаанбаатарт логистик цэгтэй болохгүй бол цементийн зах зээлд өрсөлдөх боломжгүй гэж мэдэгдэж байсан. Одоо тэр цэгүүдээ нийслэлд нээж, ууттай цементийг 15 мянгаар борлуулаад эхэлжээ. Борлуулалт ямархуу байгаа вэ?
-Манай менежментийн баг цементийн үнийг тонн тутамд бууруулсан. Энэ үйл явц цементийн зах зээлд том цохилт болсон. Үнэндээ бол Монголын цементийн зах зээлийн үнийг хэдэн том үйлдвэр нийлээд тогтоож ирсэн. Манай үнийн бодлогод бусад үйлдвэрүүд таатай хандаагүй, төр цементийн үйлдвэрийг шилжүүлж аваад үнэ буулгалаа гэсэн үг яриа ч гарсан.
Нөгөө талаар Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК өмнө нь жижиглэнгийн зах зээлийг огт сонирхож байгаагүй юм билээ. Өнгөрсөн хугацааны статистикаас харахад, ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийн хүмүүсийн үед үйлдвэр жилд 30-40 мянган тонн цемент үйлдвэрлээд том аж ахуйн нэгжид өгч ирсэн. Үнэн хэрэгтээ “Хөтлийн цемент шохойн үйлдвэр зах зээлд ууттай цемент огт гаргаж байгаагүй. Улаанбаатарын зах зээлийг “Монполимет” болон МАК хоёр, мөн Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн савласан цемент л хангаж байсан. Ченжүүд энэ үйлдвэрүүдээс ууттай цемент бөөнд нь худалдаж аваад 44 барилгын материалын зах дээр үнийг нь 2-3 дахин нэмээд дамлаад зарж ирсэн. Бид үүнийг гаж процесс гэж үзэж байсан. Гэтэл цементийн үнэ ингэж өссөн нь Хөтөлийн үйлдвэрээс болсон. “Цемент, шохой” ТӨХК цементийн үнэ бууруулна гэсэн чинь эсрэгээрээ 500 мянгад хүрчихлээ гэсэн сөрөг акц хийгдээд байсан.
Тийм учраас бид жижиглэнгийн зах зээлийг сонирхож тооцоо, судалгааг хийсэн юм. Ууттай цементийг манай үйлдвэрээс нэгийг нь 11200 төгрөгөөр гаргаж болохоор, Улаанбаатар руу тээвэрлэж, гэрээт борлуулагчдаар дамжуулан 15 мянган төгрөгөөр борлуулахад хангалттай ашиг олох тооцоо гарсан. Ингээд бид наадмын өмнө энэ ажлаа эхлүүлсэн. Улаанбаатарын зах зээлд манай цемент ороод ирэхээр 25 мянга, түүнээс ч өндөр болчихдог ууттай цемент буурч 17500 төгрөг болж байна. Манай цемент түрүүлж зарагдаад дуусахаар ченжүүд ахиад үнээ өсгөдөг ийм нөхцөл одоо зах зээлд үүссэн байгаа. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Манай үйл ажиллагаа тогтвортой явагдаад эхлэхээр ченж үнэ гэж аяндаа байхгүй болно.
-Зах зээлд цементийн үнэ өсдөг өөр ямар шалтгаанууд байдаг юм бол. Энэ савлагааг зохицуулах боломжууд “Цемент, шохой” ТӨХК-нд бий юу?
-Монголын цементийн зах зээл 1.8 саяас хоёр сая тонн гэж үздэг. Манай үйлдвэрийн хүчин чадал бол жилд 450 орчим тонн. Манайх “МАК”, “Монполимент”-ын үйлдвэрүүдтэй нийлээд жилд 2.4 сая орчим тонн цемент нийлүүлэх боломжтой. Гэхдээ үйлдвэрлэлийн гол ачааг үүрдэг техник, технологид гэмтэл гарч, завсар хийгдээд жаахан тасалдал үүсвэл ченжүүд үнээ нэмээд байна. Цементийн зах зээл өөрөө их савлагаатай юм билээ. Жижиг хэрэглэгчдэд чиглэсэн ууттай цементийг ченжүүд олноор нь татан авч хураагаад, борлуулалтын улирал эхэлмэгц үнэ нэмээд зарж эхэлдэг. Үндсэндээ үнийн өсөлтийг ченжүүд гаргадаг юм байна.
Манай үйлдвэрийн хувьд жилд 300-350 мянган тонныг үйлдвэрлэж байсан бол одоо бид 460 мянган тонныг үйлдвэрлэнэ гэсэн том зорилттой ажиллаж байна. Эдийн засгийн онолоор үйлдвэрлэлийн хүчин чадал өсвөл зардлаа нөхөөд нэгж бүтээгдэхүүний өртөг буурдаг. Энэ онолын дагуу тонн нь 170 мянган төгрөгийн өртөгтэй байсан цемент өнөөдөр 140 мянганаас дээш давахгүй байгаа юм. “Цемент, шохой” компани алдагдалтай ажиллаж ирсэн өөр нэг шалтгаан нь бүтээгдэхүүнээ ганцхан компанид нийлүүлдэг байсантай холбоотой юм билээ. Тэр компани цементийг үйлдвэрийн өртгөөс доогуур үнээр худалдаж аваад, барилгын материалын захад аваачаад ченжлээд зардаг байсан.
Энэ компани ХХБ-тай хамаарал, холбоотой юу гэдгийг өнөөдөр АТГ шалгаж байгаа. Мөн үйлдвэр алдагдалтай ажиллаж байгаа гэдэг тодорхойлолт өгөөд ХХБ, Улаанбаатар банкнаас ээлжлэн зээл авч мөнгө хүүлж ирсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, орлогыг нь дарж алдагдалтай ажиллуулаад, алдагдлыг нь зээл болгон нөхөж ирсэн байсан. 2015 оноос хойш үйлдвэрийн банкны зээлийн хүүгийн алдагдал 125 тэрбум төгрөгт хүрсэн. Цементээ өгсөн хэрнээ төлбөрөө авч чадаагүй, найдваргүй авлага нэртэй 37 тэрбум төгрөгтэй нийлээд 142 тэрбум төгрөгийн найдваргүй авлага өнөөдөр үүссэн байгаа.
-Шинэ менежментийн баг ажилчдын цалинг 40 хувиар нэмлээ. Мөн цалингийн урамшууллын шинэ систем ажиллаад эхэлсэн гэж байна. Ингээд зардал өгсөөд байхад яаж ашигтай ажиллаад байна вэ гэхээр гайхаад байна л даа. Алдагдал, ашиг хоёрын ийм зөрүү хаана нуугдаж байсан байх нь вэ?
-Санхүүгийн тайлан тооцоог нарийн шалгаж үзэхэд үйлдвэрийн нэр дээр авсан зээлүүд хуурамч байсан. Энгийнээр тайлбарлая л даа. “Цемент, шохой” ТӨХК-ийн “А” дансанд Худалдаа хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл орлоо гэнэ. Энэ 20 тэрбум үйлдвэрт шингэхгүй, ердөө тэр өдөртөө л манай “Б” данс руу шилжинэ. Тэгээд “Б” данснаас Улаанбаатар банк руу шилжчихдэг. Долоо хоногийн дараа манай “Б” дансанд Улаанбаатар банкнаас 10 тэрбумын зээл орлоо гэсэн мэдэгдэл ирдэг. Тэгээд тэр өдрөө л үйлдвэрийн “Б” данснаас “А” данс руу шилжээд, тэндээсээ Худалдаа хөгжлийн банк руу шилжчихдэг. Гүйлгээ ингээд сахал Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн хоёр банкаар дамжаад хийгдээд байдаг. Гэрээнүүдийг харахаар манайх ХХБ, Улаанбаатар банканд өртэй, түүнийгээ төлөөгүй юм шиг харагддаг.
Эхний ээлжид бид хүлээн зөвшөөрч болохгүй ийм санхүүгийн зардлыг шүүхэд өгсөн. Нийт 55 тэрбумын хүлээн зөвшөөрөгдөхгүй зардал байсныг шүүхдээд зогсоосон. Одоо шүүх дээр процесс өрнөж байна. Эдгээрийн зөвхөн хүүнд жилдээ 10 тэрбум төгрөг төлдөг. Үйлдвэр жилдээ 60 орчим тэрбумын орлого олбол 10 тэрбумыг хүүнд төлөөд, хүмүүс ашгийг нь хүүлээд явж байсан.
Бага цалинтай ажилчдадаа зээл олгоод нэг хүүлнэ. Компанид хуурамч зээл олгоод ахиад хүүлнэ. Ингэсээр байгаад компанийн санхүү доройтсон байсан. Ингээд манай ажилчдын нэг сарын цалинтай дүйдэг, сард нэг тэрбум төгрөгийн зээлийн хүү төлдөг байдлыг бид таслан зогсоосон. Тодорхой урьдчилгаа төлөөд, цементээ худалдан авдаг системд шилжээд найдваргүй авлагыг буурууллаа. Тийм учраас дансанд 16 тэрбум төгрөг бэлэн байгаа юм. Бид түлш, түүхий эдээ хангалттай татаж, ажилчдынхаа цалинг өгөөд, цаана нь мөнгөтэй байж чадахаар болсон.
-Үйлдвэрийн үлдэж байгаа нөөц, техник, технологийн хүчин чадал цаашдаа зах зээлийн өрсөлдөөнд амжилттай оролцоод яваад байж чадах хэмжээнд байгаа юу?
-Үйлдвэр ашиглалтад ороод 39 дэх жилдээ ажиллаж байна. Он гарвал 40 жилийнхээ ойтой золгох хуучин орос технологитой үйлдвэр. Өнөөгийн байгаа байдал нь утаа савссан, нэг, хоёр, гуравдугаар тээрэмд асуудал үүсчихсэн байж байна. Бид энэ жилийг аргацааж болох байх. Ирэх жилээс хөрөнгө оруулалт хийж, технологийн хувьд шинэчлэхгүй бол цементийн тасалдал үүснэ. Энэ жил цементийн үнэ 500 мянгад хүрлээ. Ирэх жилээс 700 мянга, цаашлаад нэг сая төгрөгт ч хүрч мэдэх эрсдэлтэй учраас уурхайн технологийг шинэчлэх шаардлагатай байна.
-Та эдийн засагч хүн. Технологийн шинэчлэлтэй холбоотой ТЭЗҮ, үйлдвэрийг шинэчлэхэд шаардагдах эхний хөрөнгө оруулалтын тооцоог хийж үзэв үү?
-Бид ТЭЗҮ дээр ажиллаад эхэлсэн. ТӨБЗХ-ны Б.Цэнгэл дарга манай үйлдвэр дээр ирж ажилласан. ТУЗ-тэй нягт хамтарч ажилладаг, дэмжлэг сайн өгдөг учраас өнгөрсөн саруудад манайх өндөр ашигтай ажиллаж чадсан. Бид өнгөрсөн хугацаанд Дархан-Улаанбаатарын чиглэлийн авто замын ажлын цементийг нэг ч удаа хоцроогоогүй. Ямар ч байсан энэ үйлдвэр төрд ирснээр 145 мянга орчим тонн цемент үйлдвэрлэсний 55.5 мянган тонн нь Дарханы замын бүтээн байгуулалтад зориулагдсан байна. Цаашид ч бид цементээ нийлүүлээд явна.
-Тэр бүр хүн ч сонирхоод байдаггүй, нийтлэг хэрэглээ биш танай шохойн үйлдвэр өтгөн утаа ялгаруулаад, ямар ч байсан ажиллаж байгаа юм байна. Танайх шохойгоо хаана нийлүүлдэг юм бэ?
-Шохойгоо “Эрдэнэт”, МАК болон бусад барилгын материал үйлдвэрлэгч компаниудад нийлүүлдэг. Энэ үйлдвэрийг анх “Эрдэнэт”-д зориулж, зэс гаргах гол түүхий эдийг бэлтгэх зорилгоор байгуулсан байдаг. “Эрдэнэт”-д манайхаас өөр шохой хэрэглэвэл зэсийн гарц нь буурдаг. Хамгийн сайн шохой нь манайх учраас харилцан уялдаатай ажилладаг юм. Цементийн үйлдвэр түүхэндээ 2-3 удаа хүнд байдалд орж байсан юм билээ. Тийм үед “Эрдэнэт”-ээс тусгай менежментийн баг ирж манай шохойн үйлдвэрийг аварч байсан гэдэг юм.
Өмнөх удирдлагууд, хувийн хэвшлийн багийнхан биднийг ирэхээс өмнө “Эрдэнэт”-ийг бойкотлоод, шохойгоо нийлүүлэхгүй гэж өндөр үнэ тулгасан байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын зэсийн үйлдвэрлэлийг хяссан. Би үйлдвэрийн удирдлагыг аваад шууд “Эрдэнэт” явсан. Төрийн менежменттэй байгаа энэ үед шохойн үнийг нэмэхгүй, нийлүүлэлт таслахгүй бүх чадлаараа тусалж ажиллана гэдгээ хэлсэн. Үүнээс гадна МАК хэдийгээр цементийн зах зээлд манай компанитай өрсөлддөг ч шохойн хувьд манай гол хэрэглэгч. Орчин үеийн маш сайн блокийн үйлдвэртээ манай бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Цемент, шохойн үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдаа орон сууцтай болгох шаардлага үүссэн байгаа. Манай Хөтөлд түрээслэх байр ч, худалдаж авах байр ч байддаггүй юм. Магадгүй бид МАК-тай хамтарч ажиллаад блок авч, ажилчдадаа байшин барьж өгч болно шүү дээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН