Еврогийн бүсийн инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд Европын төв банк бодлогын хүүгээ 0,5 нэгж хувиар өсгөж, 0.0 хувь болгосон байна. Тус банк сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа бодлогын хүүгээ ийнхүү нэмэгдүүлжээ. Цаашид ч нэмэгдүүлж магадгүй гэдгийг тус банкнаас мэдэгдсэн байна.
2014 оноос хойш еврогийн бүсийн бодлогын хүү хасах байсан байна. Энэ нь хэдэн жилийн сул өсөлтийн дараа еврогийн бүсийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор хийгджээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны зургаадугаар сарын эхнээс хойш 12 сарын хугацаанд хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, эрчим хүчний эх үүсвэрийн үнэ эрс өссөний улмаас өргөн хэрэглээний барааны үнэ 8.6 хувиар өсөж, дээд үзүүлэлтэд хүрчээ.
ЕТБ-ны дарга Кристин Лагард бодлогын хүүг өсгөх шийдвэрээ тайлбарлахдаа, “Еврогийн бүсийн эдийн засгийн идэвхжил удааширч байна. Украины эсрэг ОХУ-ын үндэслэлгүй түрэмгийлэл нь өсөлтийг байнга сааруулж байна. Эрчим хүчний эх үүсвэр, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, мөн үнийн бодлогод эрчим хүчний эх үүсвэрийн гүйцэтгэх үүрэг зэргээс шалтгаалан инфляц тодорхой хугацаанд бидний хүсээгүй өндөр түвшинд хэвээр байх төлөвтэй байна” гэжээ.
Эх сурвалж: BBC