Ховд аймгийн Дуут сумын нутаг, Гулзын толгой гэдэг газар өчигдөр 19:00 цагийн орчимд айлын хотонд аянга буужээ.
Тухайн газарт тус сумын Шивэр багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 20:25 цагт очиж, нөхцөл байдалтай танилцсан бөгөөд аянгад малчин Ж-ийн 50 бог мал өртөж хорогдсон тухай мэдээллийг Дуут сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газар мэдээлсэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орж голын усны түвшин нэмэгдэх, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа.
Иймд иргэдийг гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүхдэд байнга хараа хяналт тавих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, голын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх, үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Мөн орон нутгийн холбогдох байгууллагууд хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч бэлэн байдлаа ханган ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв.