Шим мандалын хувьд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Зуны нэг өдөр 1 га шилмүүст ой фотосинтезийн явцад агаараас 220-275 кг
нүүрс хүчлийн хий шингээж, 180-215 кг хүчилтөрөгч ялгаруулж, 120-150 кг органик бодисыг нийлэгшүүлж байдаг.
Ойд мод нь хүн төрөлхтөнийг органик бодис, түлш, эрчим хүчээр хангаж, хүлэмжийн хий үүсэх нөхцөлийг бууруулж, эх дэлхийг хүчилтөрөгчөөр хангаж байдаг. Дундажаар хоногт нэг том мод 180 л хүчилтөрөгч ялгаруулдаг, нэг хүн 360 л, ачаалалтай ажиллах үед 700-900 л хүчилтөрөгч хэрэглэдэг гэж тооцвол, 2-5 мод хүний хүчилтөрөгчийн хоногийн хэрэгцээг хангана.
Ой мод нь агаарын хүчилтөрөгчийн молекулийг задалж, ионжуулах үүрэг гүйцэтгэдэг. Хүний эрүүл мэнд, физиологийн хэвийн үйл ажиллагаанд хүчил төрөгчийн хөнгөн ион чухал ач холбогдолтой. Хүн хүчилтөрөгчийн ионжсон агаараар амьсгалсан үед бие эрүүл, ухаан саруул байдаг. Ойтой газар 1 см3 агаарт 2000-2500 хөнгөн ион байдаг бол ойгүй газар 1000, олон хүнтэй битүү тасалгаанд 25-100 ион байна.
Харин мод, ургамал нь агаар бохирдуулагч нүүрсхүчлийн хийг агаараас өөртөө хамгийн ихээр шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулснаар бидний амьсгалыг тэтгэдэг дэлхийн уушги, байгалийн эмч юм.
Дуу чимээний 25 хувийг өөртөө шингээдэг. Тоос шороог 21-78 хувь хүртэл өөртөө барьдаг.
Ихэнх модлог ургамал нь агаарт байгаа өвчин үүсгэгч бактерийг устгах үйлчлэлтэй тусгай дэгдэмтгий бодис ялгаруулдаг. Эдгээр бодисыг фитонцид гэж нэрлэнэ. Зуны хугацаанд 1 га навчит ой 3 кг, шилмүүст ой 5-10 кг, арцан ой 30 кг фитонцид ялгаруулна. Дунд зэргийн хотын агаарыг цэвэршүүлэхэд 2-3 кг фитонцид хангалттай. Монголчууд фитонцид хамгийн их ялгаруулдаг ургамал болох Хонин арцны шилмүүсийг нунтаглан арц хийж ахуй, амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн.
Ой мод нь агаарын хамгийн сайн цэвэршүүлэгч юм. Нэг га ойн навч, мөчрийн гадаргуу нь навчит модонд 5-6 га, шилмүүст модонд 10-12 га хүрдэг тул нэг га ой нь жилд 40-100 тн тоосыг өөртөө барьж, 18-20 сая м3 агаарыг цэвэрлэж байдаг.
Ой мод нь усны нөөц нэмэгдүүлэх, ус хамгаалах, зохицуулах, усны чанарыг дээшлүүлэх, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Ойн хөрсний өнгөн хэсэгт дутуу ялзарсан навч, шилмүүс, хагд өвс, органик бодисоос бүрэлдсэн “хөвд” хэмээн нэрлэгдэх сэвсгэр давхарга байдаг. Хөвд нь хөрсний гадаргуугаар урсах борооны болон хайлсан цасны усыг шингээн, үерийн усны сөрөг нөлөөг бууруулж, гол горхины усны байнгын эх ундарга болдог. Тухайн нутгийн ойрхог чанарыг 10% нэмэгдэхэд голын усны жилийн дундаж урсац 8-11% нэмэгддэг байна. Жишээ нь Сэлэнгэ мөрний усны 73% хувь нь ой модноос эх авч урсдаг. Монгол орны ой мод нь хөрсний гадаргын усны урсацыг 20-100 дахин багасгаж, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалдаг.
Ой мод, таримал ой нь тухайн нутгийн хур тунадас, чийгийн хангамжийг нэмэгдүүлж, бичил уур амьсгалын таатай нөхцөл бүрдүүлнэ. Ой мод нь агаарын тунадасыг 5-15%, шүүдэр, хярууг 30-40% нэмэгдүүлнэ. Шинжлэх Ухааны Академийн Ботаник, Ургамал Ой уур амьсгалын өөрчлөлт хүрээлэнгийн эрдэмтдийн судалгаагаар зуны хугацаанд Төв Хангай, Хэнтийн шинэсэн ойн агаарын чийг задгай газрынхаас 4-8%, хөрсний чийг 3-30% илүү байна. Тариалангийн талбай хамгаалах ойн зурвас байгуулсны дүнд агаарын харьцангуй чийгийг 2-10%, 1 га-гаас авах ногоо, үр тарианы ургацыг дундажаар 25-30% нэмэгдүүлж, тогтвортой ургац авах боломжтой болно. Иймээс “Ой бол ус, ус бол ургац, ургац бол амьдрал” гэж ойн ач холбогдлыг товчоор тодорхойлдог.
Иймээс тариалан, ногооны талбайг хүрээлүүлэн ойн төгөл, ойн хашаа хийдэг.
Иймд зун цагт болон өвчин цар тахлын үед ой модтой орчинд амарч зугаалах, мөн зусаж амьдрах нь эрүүл мэнддээ, өөртөө болон гэр бүлдээ хийж байгаа Байгал ээжийн асар том өгөөж хайрын хөрөнгө оруулалт юм.