Хэрэглэгчээс ирүүлсэн болон цахим орчинд гарсан мэдээллийн дагуу Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалт(дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Петровис ШТС-23”, 11 дүгээр хороонд байрлах “Тэс петролиум ШТС-91”, 12 дугаар хороонд байрлах “МТ ШТС-14”, “Жаст ойл ШТС-11”, “Шунхлай ШТС-14”, Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “МТ ШТС-152” шатахуун түгээх станцуудыг хамруулсан байна.
“Чулуун овооны Петровис ШТС-аас АИ-92 автобензин худалдан авахад хий шахсан. 45 л ордог банкинд 48 л бензин орсон” гэх иргэний гомдлын дагуу “Петровис ШТС-23”-д шалгалт хийлээ. Эталон мерникд 5 л, 10 л АИ-92 автобензин шахаж MNS 3015:2014 стандартын дагуу шалгахад зөрчилгүй тухайн хэмжээндээ зааж, лац хөндөгдөөгүй хэвийн байв.
Магнай трейд, Шунхлай, Петровис, Тэс петролиум компаниудын шатахуун түгээх газруудад хяналт хийж үзэхэд шатахууныг заасан хэмжээнд бүрэн шахаж байсан бөгөөд ямар нэг зөрчил дутагдал илрээгүй байна.
Зарим шатахуун түгээх газруудын хувьд гомдол маргааныг газар дээр нь шуурхай шийдвэрлэхэд хэрэглэх хэмжилтийн сав байхгүй, дотоод хяналтын баг ирэхийг хүлээж цаг алдах нөхцөл байдал байна. Иймд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав тогтмол байлгах, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх талаар дотоод хяналтын журмаа сайжруулах, дотоод хяналтыг тогмол хийж байх талаар албан шаардлага хүргүүллээ.