Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 100, 101 жилийн тэгш ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав давж түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Их Монгол сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” компани, “Аврагч” спорт хорооны бөх Монгол Улсын идэр залуу аварга Оргихын Хангайтай ярилцлаа.
– Түүхт ойн жилээ урамтай сайхан барилдаж, түмэн олныхоо хүслийг биелүүлэн Монгол бөхийн эрхэм дээд аварга цол хүртсэнд баяр хүргэе…
– За та бүхэндээ маш их баярлалаа. Ардын хувьсгалын энэ том ой дээр аварга цол хүртсэндээ баяртай байна. Ард түмэн минь сайхан наадацгаав уу?
– Гантай жил хур бороо орохыг хүлээдэг шиг ховдчууд аваргатай болохыг 100 жил хүлээсэн. Энэхүү хүлээлтийг, хүслийг биелүүлж өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх болж, аварга цол хүртлээ шүү дээ. Тиймээс энэ их хүлээлт, хүсэл, итгэлийг дааж чадсан сэтгэгдэл, Төрийнхөө есөн хөлт цагаан тугаа арвантаа тойрох үеийн мэдрэмж ямар байв даа?
– Миний гаргасан амжилтын ард Монголын ард түмэн, үргэлж тусалж дэмждэг аав, ээж, хань, үр хүүхэд, хамаатан садан, ах, эгч, багш, найз нөхөд, хамт олон минь байдаг. Тиймээс юуны өмнө эдгээр эрхэм нандин хүмүүстээ танай сониноор дамжуулаад чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье ээ. Та бүхэндээ хайртай шүү, баярлалаа гэж хэлье.
Мэдээж үндэсний бөхөөр хичээллэдэг, барилддаг бөх бүрийн зорилго, мөрөөдөл нь төрийнхөө их баяр наадамд түрүүлэх, шинэ цолд хүрч барилдах байдаг. Тэр утгаараа миний ч мөрөөдөл, зорилго энэ байсан. Би зорилго, мөрөөдөлдөө хүрч чадлаа.
Мөрөөдөл, зорилго биелэх шиг сайхан зүйл хаана байх вэ. Үнэхээр их баяртай, бахархалтай байна. Ард түмэн, нутаг усныхаа итгэлийг дааж, хүлээлт, хүслийг биелүүлж аварга цол хүртлээ. Цаашид цолоо улам ахиулан барилдах, ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно.
Нэг талаараа өөрийн зорьсон зорилгодоо хүрлээ. Нөгөө талаараа төр, түмний өгсөн энэхүү аварга хэмээх эрхэм алдрыг дааж явна гэдэг том үүрэг хариуцлага юм болов уу гэж бодож байна. Ховд аймгаас 82 жилийн өмнө алдарт Шаравын Ванчинхүү арслан төрийнхөө их баяр наадамд түрүүлж байсан түүхтэй.
Түүнээс хойш өнөөг хүртэл наадмын түрүү тодроогүй. Тиймээс энэ их олон жилийн хүлээлт, хүсэл, зорилго, мөрөөдөл энэ их тэгш ойн жил биелсэнд хувьдаа их бэлгэшээж, бахархаж байна.
– Ховдын хязгаар, Буянт голын хөвөөнөөс Монгол Улсын 47 дахь аварга төрлөө. Аварга цолтон төрөх тэр агшинд наадамчин олон бүгд “Тунгалаг Буянт” голыг дуулж, уухайлж байсан шүү дээ…
– Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадам цар тахлын дараа болж байгаа гэдэг утгаараа үнэхээр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэхүү түүхэн ойгоороо аварга хэмээх цолтны эгнээнд багтаж чадсан гэдэгтээ өнөөдрийг хүртэл итгэж чадахгүй л явна.
Яг наадмын үеэр, барилдааны явцад өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулах, барилдаандаа анхаарлаа төвлөрүүлэх зорилгоор дотор хүнтэйгээ их ярьсан. Нүдээ аниад нутгийнхаа уулсыг сэтгэлдээ харж, тунгалаг Буянт голынхоо урсах чимээг чихэндээ сонсож, залбирч суусан. Нутгийн минь уул, ус түшлээ л гэж бодож байна.
Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд бие болоод сэтгэлийн хүч тэгш, тогтвортой байж л амжилт гаргана. Мөн наадамчин олны уухайн дэмжлэг надад үнэхээр том урам зориг өгсөн. Намайг дэмжсэн түмэн олондоо үнэхээр их баярлалаа гэдгээ дахин илэрхийлье.
Наадмын өмнө харцагуудын нэг шоу болсон. Тэр үеэр улсын засуул Б.Мөнхбаатар ахыг “Та намайг аварга болж байна гээд нэг сайхан аваргын цол дуудаад өгөөч” гэж гуйж аваргын цол дуудуулсан. Үүнийг би хувьдаа их бэлгэшээлтэй зүйл болсон болов уу гэж бодож байна. Тэрхүү сайхан бэлгэшээл, ерөөлөөр өдгөө би аварга цол хүртчихсэн явж байна.
– Танай галын бөхчүүд олон жил Сүүж хайрханд гарч бэлтгэл сургуулилалтаа хангаж ирсэн түүхтэй. Наадмын дараа бэлтгэл сургуулилалтаа хангасан дэвжээ, галаа эргэсэн үү?
– Хоёр хоногийн өмнө Сүүж хайрхандаа очиж галаа эргэж, дэвжээндээ мөргөчихөөд ирлээ. Энэ сайхан хайрхны өврөөс манай Ховдын олон сайхан улсын цолтой бөхчүүд төрөн гарсан түүхтэй.
Бидний бэлтгэл сургуулилтыг хангахад гүн туслалцаа үзүүлдэг Сүүж амралтын газрын удирдлагууд болон хамт олонд маш их баярлалаа. Мөн Цагдаагийн бие бүрэлдэхүүн, хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид ч бид энэ сайхан хайрхныхаа өвөрт бэлтгэл сургуулилалтаа хийж, амжилтаа ахиулж, шинэ залуу бөхчүүд маань улсын цолонд хүрч барилдана.
Өнөө жил энэ сайхан хайрхныхаа өвөрт галд гарсан бөхчүүддээ баярлалаа. Миний амжилт та бүхний хамтын хүч шүү. Өнөө жил энэ сайхан хайрхны өврөөс аварга, заан, начин цолтон төрлөө. Үнэхээр өгөөж буянтай, баян хангай даа.
Монгол Улсын заан цол хүртсэн Б.Бат-Өлзий, улсын начин болсон Б.Сосорбарам нартаа баяр хүргэе. Намайг болон миний барилдааныг үргэлж хурцалж, ирэлж байдаг улсын залуу заан Б.Бат-Өлзийдөө баярлалаа. Ирэх жилийн наадмуудад цолоо улам ахиулан барилдаж, зорьсон зорилгодоо хүрээрэй гэж хэлье. Ховд бөхийн дэвжээний тэргүүн улсын заан Ч.Бат-Зориг, дасгалжуулагч багш улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл нартаа болон нутгийнхаа нийт бөхчүүдэд талархаж байгаагаа илэрхийлье.
– Хүчит бөхийн барилдааны түрүү булаалдах агшин буюу арвын давааны барилдааныхаа мэдрэмжийг ярихгүй юу. Барилдааны дундуур таны гарын шөрмөс татсан уу, их л зовуурьтай харагдаж байсан даа…
-Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс аваргатайгаа есийн даваанд тунаж барилдаад давсан. Ес давчхаад аав дээрээ очлоо. Аав ч баярласан үгүй нь мэдэгдэхгүй их тайван хүлээн авлаа.
Нутгийн бөхчүүд, ах нар маань ч за одоо ганцхан даваа шүү дээ Хангай минь л гэсэн. Өөр юм хэлсэнгүй. Ойр байгаа хүмүүсийн харц, сэтгэл санаа тайван байсныг ч хэлэх үү арвын давааны өмнө айхтар сандарсангүй. Ингээд арвын даваанд Б.Орхонбаяр дүүтэйгээ алгуурхан өрсөн дөө. Барилдааны явцад гэнэт баруун гарын шөрмөс зангирчхаад огт сулрахгүй байсан. Баруун гарын атгалт таг алга болчихсон, гараа огт тэнийлгэж болохгүй байлаа.
Өөрөө гараа хөдөлгөж барьж нэлээд үзсэн боловч булчин нь огт суларч өгөхгүй байсан болохоор эмч рүү хандсан. Ингээд хөлийн цэц, эмч нараар жаахан бариулж, цохиулж байтал овоо гайгүй болж барилдаанаа үргэлжлүүлсэн.
– Б.Орхонбаярыг давчхаад хэсэг тайван босож ирснээ гэнэт баярлаад төрийнхөө есөн хөлт цагаан тугийн зүг гүйсэн шүү дээ. Тэр агшинд түрүүлсэндээ итгэж чадахгүй байв уу?
– Барилдаандаа хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн байсан үе л дээ. Хэдийн даваанд барилдаж байгаагаа ч тухайн үед мартчихсан байсан. Хамгийн гол зүйл нь энэ барилдаанаа маш хариуцлагатай алдаа хий гаргалгүй учраа бөхөө давах нь чухал шүү гэсэн бодол толгойд дүүрчихсэн байсан л даа. Тэгээд баруун талдаа мордох мэхээр давсан. Давчхаад босож ирээд дахиад даваа байхгүй ингээд түрүүлчихлээ гэж үү гэж бодсон. Өөртөө тухайн үед түрүүлчихсэн гэдэгтээ итгэж өгөхгүй л байсан л даа.
Давчхаад сууж байтал аав үсэрч баярлаад над руу гүйж байсан. Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо.
Үргэлжлэлийг Өдрийн сонины DNN.MN сайтаас уншина уу.