Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсон хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн тухай хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэхь илтгэлд дурьдсан байна. ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын бус цагаар хэлэлцсэн юм.
2021 онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ. Энэ нөхцөл байдлыг 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчлийн хэлбэрээсээ хамаарч 11.3-20.4 хувиар буурсан гэдгийг Ж.Хунан мэдээлэлдээ дурдаад цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харьцаа, түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нь нэг талаас цэргийн албаны үйл ажиллагааны доголдол, хяналт шалгалт тогтолцоо сул, урьдчилан сэргийлэх ажил үр нөлөө багатай, нөгөө талаас хугацаат цэргийн албанд татагдан ирж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хувь хүний төлөвшилтэй холбоотой байгааг онцолсон” юм.