Саид Моллаей олон улсын цэвэр шударга өрсөлдөөний төлөө шагнал хүртлээ

2022-06-20 11:06
said molleii

Олон улсын шударга өрсөлдөөний хорооны зөвлөл /Council of the International Fair Play Committee/ жүдо бөхийн тамирчин, Монгол Улсын иргэн Саид Моллаейд 2019 онд хүртсэн шагналыг нь гардуулж өгчээ.

Шагнал гардуулах ёслол энэ сарын 17-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотод болсон байна. Түүнд шагнал хүртэх шийдвэр 2019 онд гарсан ч цар тахлын улмаас хоёр жилийн дараа л гардуулсан нь энэ аж.

Энэхүү шагналыг орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер Де Кубертен санаачилсан бөгөөд спортын амжилтад нь сөргөөр нөлөөлөхөөр байсан ч гэсэн цэвэр шударга өрсөлдсөн тамирчин, баг хамт олонд гардуулдаг уламжлалтай юм.

Саид Моллайн тухайд, 2019 оны ДАШТ-ий үеэр эрх баригчдынхаа дарамт шахалтыг үл хайхран дэвжээнд гарч өрсөлдөн жүдо бөх, спортын үнэ цэнийг харуулсан. Түүнээс хойш ч спорт, улс төрөөс ангид гэдгийг үйл хэргээрээ баталсаар байгаа юм.