2025 оноос хос бичигтэн болох тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж эхэлнэ.
Иймд Чойжин ламын сүм музейгээс санаачлан “Музей ба монгол бичиг” өдөрлөгийг зохион байгуулна. Зорилго нь 1000 илүү жилийн түүхтэй, үндэсний сонгодог Монгол бичгээ нийтээр сэргээн хэрэглэх, хойч үедээ өвлүүлэх, монгол хүн бүрийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгээ гүнзгийрүүлэн, өв соёлоо хайрлан хамгаалахад нь чиглэсэн аливаа санаачилга, үйл хэргийг дэмжин , монгол бичгээр үйлдсэн үнэлж баршгүй арвин их өвийг дотоод, гадаадад сурталчлах, үйлсэд хувь нэмэр оруулах юм.
Өдөрлөгийн үеэр музейн боловсролын хөтөлбөрийг танилцуулах, Монгол туургатны “Мөнх тэнгэрийн бичиг”, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлийн дээжээс хүүхэд, залуучууд, олон нийтэд танилцуулна. Монгол бичгээр унших, бичих шагналт уралдаан, монгол уран бичлэгийн үйлчилгээ, монгол бичгээр хэвлэсэн номын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулна.
Мөн Чойжин ламын сүм музейг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, өдөрлөгийг хамтран зохион байгуулагчдын зүгээс бэлэг, шагнал, дурсгалын зүйл гардуулах юм байна. Мөн монгол бичиг соёлоо дээдлэгч үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүртээл болгоно.
Цаашид өдөрлөгийг жил бүр уламжлал болгон, монгол бичгийн олон улсын баяр хэлбэрээр өрнүүлэхээр зохион байгуулагчид төлөвлөж байна.