Азийн Хөгжлийн Банкны/АХБ/ санхүүжилтээр Хөвсгөл нуур болон Хэнтий аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолборт газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хатуу хог хаягдлын ландфилл байгууламж барих ажлууд эхэлжээ.
Тодруулбал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалд тосгонд 50,500 м.куб, Ханх суманд 15,180 м.куб, Хэнтий аймгийн Дадал суманд 28,400 м.куб багтаамжтай энгийн хог хаягдлыг хөрсөнд нэвчилтгүй дарж булшлах технологи бүхий хатуу хог хаягдлын ландфилл байгууламж баригдах юм байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон, Ханх суманд жилийн туршид гадаад, дотоодын аялагчид ихээр ирдэг ба орон нутгийн төвшинд хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийн төлөвлөлтийг цогцоор нь буюу жишиг байдлаар шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.
Ландфилл байгууламжийн иж бүрэн зураг төслийг Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “Эн Эй Пи Групп” ХХК боловсруулсан бол барилгын ажлыг тусгай зөвшөөрөлтэй “Билгүүн од констракшн” ХХК болон “Хэмжилзүй” ХХК-ууд гүйцэтгэж байгаа аж.
Гурван сумын нутаг дэвсгэрт баригдах тус байгууламжуудыг нэг ижил зураг төслөөр хийж гүйцэтгүүлсэн ба энэ ондоо багтаан Хатгал тосгоны ландфилл байгууламжийг иж бүрнээр нь барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.