Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 23-нд болж, 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтын 15 дугаар хэсэгт дурдсан “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай холбогдолтой заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон билээ.
УИХ, Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор 2015 онд “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилж, “Бейзмент” ХХК-д хувьцааны өмчлөгчийн эрхийг олгосон юм. Харин Засгийн Газар “Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан дээрх шийдвэрийг гаргасан гэж байв.
Гэвч эзэнгүй болсон гэх өмч нь хэвийн ажиллаж,технологийн шинэчлэл хийж, хуурай аргын цементийн үйлдвэрийн барьж, 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт нийсэн. Хөтөл хотын 10 мянган гаруй иргэдийг дулаанаар хангаж, үйлдвэрийн 800 гаруй ажилтан, тэдгээрийн гэр бүлийг сүүлийн 7 жилийн турш цалинтай орлоготой ажиллуулж ирсэн байсан юм.
Мөн Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийг Хөтөл ХХК (хуучнаар Бэйзмент ХХК)-ийн хууль ёсны өв залгамжлагч Бөх-Очирын Тулга нь өөрийн хөрөнгө хүлээн авах, өв нээлгэх хүсэлтээ 2019 оноос хойш хөөцөлдөж байсан нь ч тодорхой болсон билээ. Хамгийн гол нь Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр” компанийг төрийн мэдэлд авч, оймсчин гэх хочит Л.Наранбаатарыг томилсон хэдий ч мань эр пиар хийхээс өөрөөр олигтой зүйл хийж чадахгүй байгааг бодит байдал харуулж эхэллээ.
Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр” төрийн мэдэлд авсан хэдий ч яг л барилгын сезон эхлэх энэ үед цементийн хомсдол үүсч, үнэ нь хэд дахин өсөөд байна. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр буруу шийдвэрийн балгийг барилгын компаниуд, тэдгээрийн барих бүтээн байгуулалтын төслөөс өмчлөх, түрээслэх хэлбэрээр харилцаанд орох бүхий л иргэд үүрэх болчихоод байна. Шуудхан хэлэхэд Төрд очсон үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа улам л мууддагийн сүүлийн жишээ “Хөтөл” болж байгаа юм.
Эх сурвалж: Sonin.mn С.Сарнай
1 comment
Алдагдсан орлогууд, түүхий эдийн орд, үйлдвэрийн техник төхөөрөмж бүгдийг төлүүл, хичнээн жил алдагдалтай гэж шааж орлогы нь идсэн бн