Цахим орчинд зургаадугаар сарын 2-нд хүүхдийн тоглоомын талбайд байрлах саравчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж буй дөрвөн эмэгтэйн зураг болон тэдний нэг нь тоглоомын талбайн гулсуур доор бие засаж байгаа бичлэг цацагдсан.
Дээрх зөрчлийн шинжтэй үйлдэлд ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад тухайн өдрийн өглөө 06:00-07:00 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны гаднах хүүхдийн тоглоомын талбайн саравчинд 21-23 насны дөрвөн эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, улмаар хүүхдийн тоглоомын талбайд байрлах гулсуурын доор бие зассан зөрчил үйлдсэнийг тогтоогджээ.
Иймд гулсуурын доор бие зассан эмэгтэйд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 35,000 төгрөгөөр, бусад гурван эмэгтэйд мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 25,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.