Манай улсын ойн сан бүхий газар 18.5 сая.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувийг эзэлдэг. Үүнээс 12.3 сая.га нь ойгоор бүрхэгдсэн хэвийн ургаж байгаа бөгөөд ойрхог чанар 7.9 хувь байгааг Монгол орны байгаль, орчны төлөв байдлын тайланд дурджээ.
Салбарын судлаачид Монгол орны хамгийн хөгшин мод Завхан аймгийн Их-Уул сумын нутагт байгаа 700 гаруй жилийн настай, 1,8 метр бүдүүн шинэс мод гэж тогтоожээ.
Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 орчим хувийн амьдрах орчин болдог бөгөөд хүлэмжийн хийг шингээж, агаарыг цэвэршүүлдэг “Дэлхийн уушиг” юм. Мод хоногт 180 л хүчилтөрөгч ялгаруулдаг.
Нэг га навчит ой 3 кг, шилмүүст ой 5-10 кг, арц 30 кг фитонцит ялгаруулдаг. Ой модны фотосинтезийн үйл явцад нэг га шилмүүст ой зуны нэг өдөр агаараас 220-275 кг нүүрсхүчлийн хий шингээж, 180-215 кг хүчилтөрөгч ялгаруулж, 120-150 кг органик бодисыг нийлэгшүүлдэг аж.
Ташрамд сонирхуулахад, дэлхийн хамгийн өндөр мод Калифорнийн улаан мод үндэсний паркт бүртгэгдсэн 115.24 м “Эргийн улаан мод”. Хамгийн бүдүүн мод Мексикийн Санта Мариа дел Тульед бүртгэгдсэн 11.42 м өргөн Монтезума кипресс (Taxodiummucronatum) аж.
(Завхан аймгийн Их-Уул сумын нутагт байгаа 700 гаруй жилийн настай, 1,8 метр бүдүүн шинэс мод)
(Монгол орны хамгийн өндөр мод Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ суманд бүртгэгдсэн 42 м урт)