Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “SpaceX” компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Гвин Шотвеллтэй өнөөдөр өглөө онлайн уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр “Старлинк” компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, мөн бидний зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.
“Старлинк” компанийн зүгээс Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатай буйг онцлон хэлэв. Газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелын болон интернетийн холболтыг манай улсаас гаргаж өгөх шаардлагатай. Тиймээс Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардлагатай гэдгийг онцлов.
ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернетийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан юм.
Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцов гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.