УИХ-ын эмэгтэй гишүүд Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барилаа. Гэр бүлийн тухай хууль нь 1997 онд батлагдсан. Үүнээс хойш долоон удаа өөрчлөлт орсон ч эдгээр нь бүгд салбарын бусад хуультай дагалдан өөрчлөгдөж байсан юм. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь анх хууль батлагдсанаас хойш орж буй том өөрчлөлт болно гэж төсөл санаачлагчид хэлэв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “УИХ дахь эмэгтэй гишүүд нийлж Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн барилаа. Гэр бүлийн тухай хууль анх 1973 онд батлагдаж байсан бөгөөд 1999 онд шинэчлэн найруулсан. Үүнээс хойш дорвитой өөрчлөлт ороогүй. Тэгвэл энэ удаагийн хуулийн төслийн гол өөрчлөлт нь хүүхэд хамгааллын асуудал. Жилд 3391 гэр бүл салдаг гэсэн судалгаа бий. Иймээс гэр бүл салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэг хувиар нэмэгдэж байгаа. Иймээс тус хуулийн төсөлд гэр бүл салалтын дараах хүүхдийн тэтгэмжийн асуудлыг тусгаж өгсөн. Тодруулбал тэтгэмжийн хэмжээ болон төлөлтийн асуудалд онцгойлон анхаарал хандуулсан.
Тэтгэмжийн хувьд 11 хүртэлх насны хүүхдийг амьдралын баталгаажих түвшний 51 хувиар тооцож олгодог. Ингэхээр өнөөдөр 11 нас хүрээгүй хүүхдийн тэтгэмж сард 115,000 төгрөг. Энэ бол маш бага, хангалтгүй. Тиймээс тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо орлоготой нь уялдуулах, ХАОАТ-ын хуульд заасны дагуу орлогын 50-аас доошгүй хувь гэдэг байдлаар тогтооё гэсэн заалтыг оруулж өгсөн.
Мөн хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж шинжээчдийн баг томилж, тэтгэмж төлөгчтэй хамтран төлөх зохицуулалтыг оруулсан.
Өнөөдөр тэтгэмж төлөлт маш бага байна. Нийт тэтгэмж төлөх ёстой хүмүүсийн зөвхөн 20 хувь төлж байна. Үлдсэн 80 хувь нь шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй байна. Өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. Тийм учраас тогтоосон тэтгэмжийг данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн” гэлээ.