Орост гурав, дөрөвдүгээр сард давсны үнэ огцом өсөж, 2006 оноос хойших хамгийн өндөр өсөлтийг харуулсан талаар РБК мэдээлжээ.
2021 оны гуравдугаар сартай харьцуулахад энэ оны гуравдугаар сард давсны үнэ 23%-иар нэмэгдсэн бол дөрөвдүгээр сард бараг 32%-иар өссөн гэнэ. Хэрэв хоёрдугаар сард нэг килограмм давс дунджаар 14,9 рубль байсан бол дөрөвдүгээр сард 18,3 рубль болсон аж.
Оросын Аж үйлдвэр, худалдааны яам давсны үнийн өсөлтийг дайны эхээр ажиглагддаг, удаан хадгалах бараа бүтээгдэхүүний эрэлт өсдөгтэй холбон тайлбарлаж байна.
Давсны үнэ хамгийн сүүлд 2006 оны хоёрдугаар сард огцом өсөж байна. Тухайн үед хийн үнийн зөрчилдөөнөөс болоод зах зээлийн 40 хувийг хангадаг байсан Украин давсны нийлүүлэлтээ зогсоож болзошгүй гэсэн дам яриа гарч, нэг сарын дотор бүтээгдэхүүний үнэ 58%-иар нэмэгдсэн аж.
Өдгөө Орос давсны зах зээлийнхээ 60%-ийг эх орныхоо бүтээгдэхүүнээр хангаж байна. Үлдсэн хэсгийг нь Беларусь, Казахстанаас импортолдог гэжээ.
Эх сурвалж: meduza.io
Орчуулсан Э.МАРТ