Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй болно. Эл өдөр эцэг эхчүүд бүгд үр хүүхдээ баярлуулахаар чармайж, өөрийн хэр чинээнд тохирсон бэлэг дор бүрнээ базаадаг билээ. Зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд ч хүүхдийн баярыг угтан төрөл бүрийн бэлгийн багцыг худалдаанд гаргадаг. Энэ цаг үед хүүхдийн бэлэгний чанартай холбоотой иргэдийн санал гомдол нэлээдгүй гардаг. Иймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгч болон үйлчилгээ эрхлэгчдэд хандан доорх зөвлөмжийг хүргүүлээд байна.
Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хуулиа дээдэлж, хэрэглэгчийг хохироохгүй байхад онцгой анхаарч худалдаанд гаргаж буй бэлэгний орцод түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан байх зэргийг мөрдөж ажиллах. Мөн хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүүхдийн бэлэг худалдан борлуулах үйлдэл гаргахгүй байх, хүнсний бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралын талаар хуульд нийцүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллана уу.
Хүүхдийн бэлэг сонгон авч буй хэрэглэгч та бүхэн аливаа бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа дараах зөвлөгөөг анхаарч худалдан авалт хийгээрэй. Худалдан авах гэж буй хүүхдийн бэлэгний орцод буй бүтээгдэхүүний хугацааг заавал шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булинартсан, хонхойж товойсон эсэхийг шалгаарай. Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэр, хаяг, хадгалах, дуусах хугацаа, орц найрлага, гаж нөлөө зэрэг шаардлагатай мэдээллүүдээ сайтар танилцсаны дараа сонголтоо хийнэ үү.
Хэрэв дээрх зөвлөмжтэй холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд ШӨХТГ-ын 115 утсанд болон https://afccp.gov.mn сайт, https://www.facebook.com/afccpmongolia
пэйж, https://www.facebook.com/groups/391583442769715 групп, bichigkhereg@afccp.gov.mn мэйл, твиттерийн https://twitter.com/afccpmn цахим хаягт хандаж гомдол, мэдээлэл ирүүлж хамтарч ажиллана уу.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар