Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулав. 2005 онд баталсан тус журамд нийт дөрвөн удаа өөрчлөлт орж байжээ.
Монгол Улсын нийт хүн амын 45.3 хувь нь амьдарч байгаа нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх газруудын тоо жил ирэх бүр нэмэгдэх болсон. Өдгөө худалдааны 7230, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 3699, ахуйн үйлчилгээний 2775, авто үйлчилгээний 1302, зочлох үйлчилгээний 789, чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээний 374, тоглоомын төвийн үйлчилгээ 90, соёл урлагийн үйлчилгээ 30, нийт 16.289 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Иймд үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд зохицуулалт хийх, өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх зорилгоор тус журмыг шинэчилж байгааг тодотгож байлаа. Журмын төслийг мэргэжлийн 27 төрийн болон төрийн бус байгууллагын 29 төлөөллийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг боловсруулжээ.
Журмын төсөлтэй холбоотойгоор төрийн болон төрийн бус 30 байгууллагаас 79 санал ирснээс 51 саналыг тусгаж, есөн саналын дагуу холбогдох заалтыг хасаж, 19 саналд тайлбар өгсөн байна. Мөн журмын төслийг байгууллагын цахим хуудаст 150 хоног байршуулж, 283 иргэн санал өгснөөс 70.7 хувь нь төслийг дэмжиж, 9.9 хувь нь холбогдох санал өгчээ. Түүнчлэн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан дүүрэг бүрд цахимаар долоон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 1375 аж ахуйн нэгж, иргэн хамрагдсанаас 98.4 хувь нь төслийг дэмжиж, давхардсан тоогоор 56 санал илрүүлснийг нягталж тусгасан байна.
Журам нь 10 бүлэг, 177 заалттай бөгөөд журамд стандартаар тогтоосон болон нийгмийн хөгжилтэй уялдан нийтийн хүртээл болсон, хөгжиж байгаа нийт найман төрлийн 82 үйлчилгээний ангиллыг нарийвчлан тусгажээ. Мөн журмаар зохицуулаагүй байсан дөрвөн төрлийн 38 ангиллыг шинээр нэмсэн байна. Тухайлбал, ая тухтай дэлгүүр, кофе шоп, хумс засал, саун, бассейн, чийрэгжүүлэлтийн төв, мөсөн гулгуур, алжаал тайлах төв, тоглоомын төв, соёл урлагийн сургалтын газар, хайпермаркет, супермаркет, үзүүлэнгийн танхим, аутлет, бутик зэрэг ангиллыг, өмнөх журамд орхигдсон нүдний шил захиалга, засвар, цаг засвар, саун, эд бараа түрээслэх зэрэг ахуйн үйлчилгээний ангиллуудыг нэмжээ.
Зөвлөлийн хурлын гишүүд худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн үйл явцыг шилэн болгож, дүүргүүдэд байдаг Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байхад анхаарах хэрэгтэйг онцолж байв.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төслийг редакцын засвартайгаар НИТХ-д өргөн барихаар болов.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР