Австрийн цагдаагийн газар хоёр цагаач амиа алдсан хэрэгт холбоотой гэмт бүлэглэлийг илрүүлж, гишүүдийг нь саатуулжээ. Нийтдээ 205 хүнийг хүн худалдаалсан хэргээр Австри, Словак, Чех, Румынд хорьсон тухай Австрийн Дотоод хэргийн сайд Герхард Карнер мэдэгдсэн байна. Тэднийг Унгараас Австри руу хууль бусаар 36 мянга гаруй хүн гаргасан гэж сэжиглэж байгаа аж.
Сири голдуу цагаачид уг гэмт бүлэглэлийн гишүүдэд хил нэвтрүүлэх тохиролцоотойгоор тус бүр 3000-4500 евро төлсөн болохыг Австрийн цагдаагийн газраас зарлажээ.Ийм аргаар гэмт этгээдүүд нийт 152 сая евро олсон гэнэ. Тэд цагаачдыг Вена хотод хүргэж, тэндээсээ олонх нь өөр хууль бус хил давуулагчдын тусламжтайгаар Герман, Франц руу гарах зорилготой байжээ. “Энэ удаагийн ажиллагаа нь хууль бусаар хил давуулдаг мафитай хийсэн тэмцлийн хамгийн том амжилт” хэмээн Австрийн Дотоод хэргийн сайд мэдэгджээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Австрийн цагдаа нар Австри, Унгарын хилээс холгүйхэн 30-аад хүн хууль бусаар ачиж явсан машиныг илрүүлсэн юм. Гэтэл хууль бус цагаачдын 2 нь нас барсан байдалтайгаар олдсон байна. Машины жолооч хэргийн газраас зугтсан ч Латви улсад саатуулж, Австри руу шилжүүлсэн байна. Хууль бусаар хил гаргадаг энэ бүлэглэл түүнчлэн 1 дүгээр сард автомашиныг нь шалгах гэсэн нэг хилчин рүү буудсан хэрэгт холбогдож байна.
Эх сурвалж: 420on.cz
Орчуулсан Э.МАРТ