МҮЭХ-оос Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалсан 234 тэрбум төгрөгийн асуудал болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооны талаар мэдээллээ.
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Капитал банкны үр төлбөр зээлийг ямар хүмүүс авсан, хэн нь төлөхгүй байгаа зэргийг олон нийтэд нээлттэй мэдээлж шийдмээр байна. Зээлийн төлөлт маш хангалтгүй байна. Мөн хүүгийн алданги зогссон. Банкаар дамжуулж зээл авсан хүмүүс гурван жилийн хугацаанд ямар ч хүүгийн алданги төлөхгүй байна. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөлөл Үндэсний зөвлөлд 30 хувийг нь хангадаг байсан бол нэг хүн болгож цөөлсөн. Оронд нь улс төрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд орсон. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд их хэмжээний мөнгөний шийдвэр гаргадаг учраас маш олон лоббины хүмүүс орж эхэлсэн. Ороод даатгал төлөгчдийн мөнгийг банканд алдах ажиллагааг хийсэн. Иймд
- Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох
- Банкуудад байгаа өр төлбөрийг нийтэд нээлттэйгээр ил тод зарлах
- Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй явуулах шаардлагыг хүргэж байна.
Тайлангаас нь харахад 30-аад байрыг эрүүл мэндийн даатгалын газрын ажилчдад давуу эрхээр худалдаж олгосон гэж байна. Үүнийг яагаад олон нийтэд нээлттэйгээр дуудлага худалдаагаар худалдаагүй вэ. Хүмүүс даатгал төлөөд үр ашгийг нь хүртэх ёстой” гэлээ.