ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмиратаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла Бин Рабия Аль-Түнэйжиг өчигдөр /2017.07.27/ хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөж байна.
Хоёр орны Дотоод хэргийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурснаар цагдаа, хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг богино болон урт хугацааны сургалтад хамруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх материаллаг баазыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж нээгдэх юм.
Түүнчлэн Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.
Эх сурвалж: ХЗДХЯ